Дорноговь2 мин унших
АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль дээр ажиллалаа

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан орон нутаг, тойрогтоо ажиллах үеэрээ 60 жилийн баялаг түүхтэй, Дорноговь аймгийн ууган эрдмийн уурхай болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) салбар сургуулийн багш, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Өдгөө 500 гаруй оюутан, 70 гаруй албан хаагчтай үйл ажиллагаа явуулж буй тус сургууль нь говийн бүсийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй.
Уулзалтаар сургалтын чанарыг ахисан түвшинд гаргах, багш нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг салбарын хөгжлийн гарцуудын талаар нээлттэй ярилцаж, дараах асуудлуудыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр тогтлоо.

Багш, боловсон хүчнийг дэмжих хүрээнд:
• Нарийн мэргэжлийн багш нарыг урих: Орон нутагт сургалтын чанарыг эрс сайжруулахын тулд Улаанбаатар хотоос өндөр зэрэг цолтой, нарийн мэргэжлийн эрдэмтэн, багш нарыг урьж ажиллуулна.
• Нийгмийн баталгааг хангах: Уригдан ирж буй багш нарын цалин хөлс, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс тэднийг амьдрах байраар хангах асуудлыг аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр цогцоор нь шийдвэрлэнэ.
Шинэ сургууль, дотуур байрны бүтээн байгуулалт:
• Кампусын шинэчлэл: Ирэх 2028 онд шинэ кампус ашиглалтад орсноор оюутан залуус маань олон улсын стандартад нийцсэн орчинд суралцах бүрэн боломж бүрдэнэ.
• Ажлын явц: Шинэ цогцолбор нь 600 оюутны хичээлийн байр, 300 оюутны дотуур байрнаас бүрдэх бөгөөд өнөөдрийн байдлаар дотуур байрны барилгын явц 70%, хичээлийн байр 30%-ийн гүйцэтгэлтэйгээр ажил эрчимтэй үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачлан 2015 онд өөрийн хөрөнгөөр тус сургуулийн харьяа “Мандах Наран” түшиц эмнэлгийг барьж, ашиглалтад оруулж байсан сайхан уламжлал бидэнд бий. Цаашид ч Говийн бүсдээ чанартай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсийг бүх талаар дэмжин ажиллах болно.
Дараагийн уулзалтаа тус сургуулийн оюутан, суралцагчидтай хийж, тэдний санал бодлыг сонсохоор тогтлоо.

