Ерөнхий боловсрол2 мин унших
Хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголтыг хүүхдүүдэд ахлах ангиас нь зааж, төлөвшүүлнэ

Боловсролын сайдын ахлах ангийн сурагчдад зориулсан “Бидний эрх -Бидний амьдралд” гарын авлагын туршигч багш нартай хийх уулзалт боллоо.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Монгол Улсын иргэд бид Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, мэдрэмжүүдийг сургуулийн ахлах ангиас нь эхэлж, хүүхдүүддээ зааж, төлөвшүүлэх ёстой.
Хиймэл оюун ухааны энэ эрин үед хүүхдүүд маань бусдыг ойлгодог, өөрийгөө бусдын оронд тавьж эргэцүүлдэг, бусадтай хамтарч ажиллаж чаддаг ур чадвар шаардлагатайг дэлхий нийтээрээ чухалчилж байна.
XXI зууны иргэдэд академик мэдлэг биш асуудлыг тунгаадаг, шүүдэг, эргэцүүлдэг чадвар амин чухал байна.

Монгол Улсын Үндсэн хуульдаа заасан хүний 18 эрхийг мэдэрч, ойлгож, энэ хэрээрээ хүмүүжиж, төлөвшдөг хариуцлагатай иргэд болдог. Мөн эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлнэ. Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэлж, сахин биелүүлж, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж үзнэ. Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг гэж заасан. Иргэн бүр журамт үүргээ биелүүлвэл Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэж хүн бүр зорьж байгаа.
“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” бодлогын хүрээнд эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль-/ ЭНХАУС/-ийн шинэчлэлийг хэрэгжүүлж, ур чадвартай хүүхдүүдийг бэлдэх боломж бүрдэх юм. Энэ хичээлийн жил сургууль, цэцэрлэгт суурилсан Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг зохион байгууллаа. Цаашлаад сургууль бүр дээр “Нэг аяга сүү”, “Амин ус” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөдөөгийн сургуулиудын нүхэн жорлонг хааж, ариун цэврийн байгууламжтай болгож байна. Энэ бүхэн эрүүл сургууль буюу хүний, хүүхдийн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл орчинд сурч, боловсрох эрхийг олгож байгаа гэсэн үг.
Энэ хүрээнд “Бидний эрх-Бидний амьдралд” ахлах ангийн сурагчдад зориулсан гарын авлага хийхээр туршигч багш Улаанбаатар хотноо сургалтад хамрагдаж байна.
Суралцагчдаа идэвхтэй оролцуулж, оролцоог ханган, хүний эрхийн талаар лекцээр бус хэлэлцүүлэг, баримт, шинжилгээ, нотолгоонд үндэслэн хийвэл хүүхдийн тунгаан бодох бусдыг сонсох, үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэнэ. Хичээлийн явцад хүүхдээ ажиглаж, бүтээлч, судлаач багш байхыг хүсэж байна. Багш нар маань хамтдаа туршлагаа солилцож, санал санаачилгатай байх хэрэгтэй. Хиймэл оюун ухаан багшийг хэзээ ч орлохгүй. Харин хиймэл оюун ухаан бол багшид тус болох учир технологийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Багш нарын маань идэвх, оролцоон дээр тулгуурлаж бидний зорилго хэрэгжих юм. Сургалтад хамрагдсан багш нарыгаа бүтээлч байна гэдэгт итгэж байна.

