Түүх, уламжлал2 мин унших
Мэндчилгээ

Эрхэм хүндэт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт хамт олон, хөдөлмөрч Та бүхэндээ Хөдөө аж ахуйн ажилтны өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсад “Хөдөө аж ахуйн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь Ням гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдлыг баталгаажуулах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэтгэх эрхэм үйлсэд хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж буй малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, инженер, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид болон салбарын нийт хөдөлмөрчдөдөө энэ өдрийн мэндийг хүргэж, гүн талархал илэрхийлье.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 34.4 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49.5 хувийг хамарч, экспортын 5.4 хувийг эзэлж байна. Энэхүү салбарынхаа бодит чадавх, баялаг нөөц, хөдөлмөр бүтээлд түшиглэн, цаашид экспортын баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлж, түүхий эдээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Та бүхний их хөдөлмөр, чин сэтгэл, бүтээлч үйлс нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийн хөгжил, эдийн засгийн өсөлт, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Эрхэм хүндэт Та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхдүүдэд тань эрүүл энх, аз жаргал, амар амгалан, ажил үйлсийн арвин их амжилт, хөдөлмөрийн үр шим, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингээн, үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргаж, Монголынхоо үнэ цэнийг хамтдаа өсгөцгөөе!
Хүндэтгэсэн,
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ

