Аюулгүй байдал, Тусгаар тогтнол3 мин унших
Батлан хамгаалах бодлогоо 21 аймагт хүргэж, эх орноо бүтэн тойрлоо

Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал нийслэлийг зорих биш, төр өөрөө иргэддээ хүрч ажиллах ёстой. Бид энэ зарчмыг батлан хамгаалах салбартаа хэрэгжүүлэхийг зорьж “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгөө 21 аймагт амжилттай зохион байгууллаа. Орхон аймаг 21 дэх аймаг болж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут:
Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр болон батлан хамгаалах салбарын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, цаашдын зорилтуудаа танилцууллаа.
Бидний хэрэгжүүлж буй “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлт” бодлогын тэргүүн зорилго бол эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж буй цэргийн алба хаагчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах явдал юм.
Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хамгаалалт, дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох, батлан хамгаалах аж үйлдвэрлэл, техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Мөн хугацаат цэргийн албыг залуусын боловсрол, мэргэжил эзэмших боломжтой уялдуулах, цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх асуудлыг онцгойлон анхаарч байна.
Эх орноо хамгаалах хүчирхэг тогтолцооны үндэс нь хүнээ дээдэлсэн бодлого, бэлтгэлтэй Зэвсэгт хүчин, эх оронч иргэд юм.
ТӨРИЙН БОДЛОГОО ЯРИАД ЗОГСОХГҮЙ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЬ ИРГЭДДЭЭ ХҮРГЭЛЭЭ
“Эх оронч Монгол” өдөрлөгийн нэг чухал онцлог нь батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ иргэдэд хэрэгцээтэй үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлсэн явдал юм.
Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, лабораторийн шинжилгээ хийж, Батлан хамгаалахын төв архивын алба хаагчид ахмад дайчид, цэргийн алба хаасан иргэдэд архивын лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүллээ.
Түүнчлэн Орхон аймгийн Цэргийн штаб цэргийн алба, цэрэг татлагын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, Үндэсний батлан хамгаалахын их сургууль залуучуудад суралцах, мэргэжил эзэмших боломжоо танилцууллаа.
МОНГОЛ ЦЭРГИЙН БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ, ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖЛИЙГ НЭГ ДОР ТАНИЛЦУУЛЛАА
Орхон аймгийн А.Амарын талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн дэлгэж, иргэдэд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг ойроос танилцууллаа.
Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин өвийг харуулсан нүүдлийн үзэсгэлэн, орчин үеийн VR технологид суурилсан танин мэдэхүйн үйл ажиллагаа, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урлагийн тоглолт, цэргийн алба хаагчдын гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт болон спортын арга хэмжээнүүд өдөрлөгийн хөтөлбөрийг баяжууллаа.
Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн “Бид ялав” дурсгалын медалийг гардуулан өгсөн нь онцгой хүндэтгэлтэй үйл явдал байв.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцсэн ахмад үеийнхээ гавьяаг бид мартах учиргүй. Тэдний эх оронч сэтгэл, эр зориг, түүхэн гавьяаг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг билээ.
21 АЙМАГТ ХҮРСЭН БОДЛОГО — ИРГЭДТЭЙГЭЭ ОЙР АЖИЛЛАХ ШИНЭ ХАНДЛАГА
Монгол Улсын 21 аймагт “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийг зохион байгуулсан нь бидний ажлын нэг чухал үе шат боллоо.
Энэ хугацаанд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг сонсож, төрийн болон цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй хүргэхийг зорилоо.
Өнөөдөр Орхон аймагт зохион байгуулсан өдөрлөгт ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Б.Баатар, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, алба хаагчид, иргэд өргөнөөр оролцлоо.
Энэхүү ажлыг зохион байгуулахад хамтран ажилласан аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн болон цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн, идэвхтэй оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.
21 аймагт хүрч ажилласан нь бидний хувьд иргэдийнхээ дуу хоолойд тулгуурлан бодлогоо улам боловсронгуй болгож, хэрэгжилтийг нь бодит үр дүнд хүргэх дараагийн ажлын эхлэл боллоо.






