Түүх, уламжлал1 мин унших
Эрхэм нийт монголчууддаа Монгол бахархлын өдрийн баярын мэнд хүргэе!

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан болсон Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцлоо.
Найман зууны өмнө өвөг дээдэс маань Их Хуралдайдаа төрийн чухал хэргийг хэлэлцдэг байсан бол өнөөдөр ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяаг шийдэж байна. Төрийн энэ залгамж чанар бидэнд бахархал төдийгүй өндөр хариуцлага ногдуулдаг.
Улсын Их Хурлаас баталсан “Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Энэ тогтоолоор Засгийн газарт дараах ажлыг даалгасан:
Түүх, соёлын дурсгалт газруудыг олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх;
Гадаадад хадгалагдаж буй бичмэл эх сурвалжийг эх орондоо авчрах;
Чингис хааны нэртэй бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах санал боловсруулах;
Чингис хааны түүх, төрт ёсны өвтэй холбоотой бүтээлийн орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах;
Чингис хааны эш хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулах.
Түүх, нийгмийн багш мэргэжилтэй хүний хувьд эх түүхээ мэддэг, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарладаг хүүхэд залуучуудыг төлөвшүүлэх нь бидний чухал үүрэг гэж үздэг. Тиймээс энэ тогтоолын үзэл санааг боловсролтой уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
Өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ тэдний үлдээсэн өвийг хамгаалж, хойч үедээ өвлүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе!
