Үйл явдалУИХ-ын үйл ажиллагаа2 мин унших
Хууль хэрэгжвэл 57,453 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж, татварын 20.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт бий болно

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр (2026.11.12) Төрийн ордонд боллоо. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов.
Хурлын эхэнд УИХ-ын гишүүн А.Ганбаатар “Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Энгийнээр хэлбэл, орон сууц эсвэл амины орон сууцандаа гараашийн зогсоолтой иргэдийн үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдэж тавигдаад байгаа юм. Тиймээс гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачилсан.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн. Хуулийн төслийн үндсэн агуулга нь иргэний өмчлөлд бүртгэлтэй, зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэгийг татвараас чөлөөлөхөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, хоёр гарааштай иргэн өөрийн сонголтоор нэгийг нь татвараас чөлөөлүүлэх боломжтой гэсэн үг. Хууль хэрэгжвэл 57,453 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж, татварын 20.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт бий болно. Өмнө нь Хувь хүний орлогын албан татварын 10 хувийн хэмжээг 1 хувь болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдийн хамт санаачилсан. Энэ нь төсөвт 2.7 их наяд төгрөгийн алдагдал үүсгэнэ гэсэн шүүмжлэл дагуулсан бөгөөд 1 сая төгрөг хүртэлх орлоготой иргэд 1 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан. Гараашийн татварын 20.8 тэрбум төгрөгийг үүнтэй харьцуулахад маш бага мөнгө. Үүнийг төсвийн бусад эх үүсвэрээс нөхөх боломжтой. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байгаль орчинд ээлтэй хандах үүднээс Усны тухай хуулийг өргөн барьж, усны төлбөрийг нэмэгдүүлэхэд уул уурхайн компаниудаас үүнээс ч их орлого төвлөрөх боломжтой. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэр хангалттай бий” хэмээн ярилаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
