#КомментҮндэсний үйлдвэрлэл2 мин унших
Д.Үүрийнтуяа: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгийн болон хууль, эрх зүйн дэмжлэг дутагдаж байна

Орон нутагт бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн хувьд санхүүжилт авах боломж хязгаарлагдмал, хууль эрх зүйн орчин нь бизнесийн өсөлт зах зээлд тэгш өрсөлдөх боломжийг хангаж чадахгүй байна.
Тэр дундаа ЖДҮ-лэл эрхлэгчид төрийн худалдан авалтад оролцох, бүтээгдэхүүнээ шууд нийлүүлж борлуулахад хууль эрх зүйн зохицуулалтын хүндрэлтэй тулгарч байгааг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөндөж байна. Тэгвэл энэ асуудлыг бодлогын түвшинд хүргэх зорилгоор Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Бүтээлч өсөлт 2026” бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүсийн чуулганыг Говийн бүсэд зохион байгууллаа. 4 дэх удаагийн бүсийн чуулган Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн 350 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцов.
Чуулганы хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэж, орон нутгийн үйлдвэрлэгч ЖДҮ-лэл эрхлэгчдэд хүндрэл учруулж буй зохицуулалтыг эргэн харах саналыг дэвшүүллээ. Тухайлбал орон нутагт үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ шууд нийлүүлж борлуулах боломжийг хязгаарлаж буй зохицуулалтыг өөрчлөх, төрийн худалдан авалтад эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж буй.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд санхүүжилт, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн дэмжлэгээс гадна бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл, дэд бүтэц, тэгш өрсөлдөх боломж, бизнес эрхлэхэд ээлтэй хууль эрх зүйн орчин нэн шаардлагатайг онцоллоо.
Тэд төрөөс бэлэн мөнгөн дэмжлэг хүсэхээс илүүтэй өөрсдийн хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллаж байгаа бөгөөд төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн санал, байр суурийг сонслоо.
“Бүтээлч өсөлт 2026” чуулганаас гарсан санал санаачилгыг нэгтгэн ЗГ болон холбогдох байгууллагуудад хүргүүлж, бодлогын шийдвэр тусгуулахад анхаарч ажиллахаа Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа хэллээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
