Байр суурь3 мин унших
О.Номинчимэг: Ардчиллын чанар гэдэг нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр хязгаарлагдахгүй
УИХ-ын чуулганы /2026.11.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Ардчиллын чанар гэдгийг сонгуулиас сонгуулийн хооронд хэн яаж төлөөлөгчөө сонгож байна гэдгээр хэмжихгүй. Энэ сонгуулийн хооронд 4 жилийн хугацаандаа төлөөлөх ёстой ард иргэдийнхээ төлөөлөл болж ажиллаж чадаж байна уу гэдгээр ардчиллын чанарыг хэмждэг. Иргэдийнхээ дуу хоолойг бодитоор сонсож бодлого үйл ажиллагаандаа хангалттай тусгаж чадахгүй байгаа болохоор иргэдийн дунд маш их бухимдал үүсдэг.
Өргөдлийн байнгын хороон дээр 100 мянга гаруй иргэдийн санал ирчихсэн. Төрийн албан хаагчдын хууль бус орлогыг хурааж өгөөч, ял шийтгэлийг нь онуулж өгөөч, шударга ёс чинь алдагдчихаад байна, бидний сонгосон төр засаг маань бидний төлөө ажиллахгүй байна, шударга бус байна гэсэн энэ дуу хоолой сонсогдож байгаа. Бид шат шатдаа иргэдийнхээ дуу хоолойг бодитоор сонсдог механизмыг оруулах ёстой. Гурван ач холбогдолтой гэж харж байна.
Нэгдүгээрт, иргэдийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд хүрнэ. Бид хэдий болтол дүлий төр шиг байх юм бэ? Яг иргэдийн бодит дуу хоолой бидэнд хүрч байна уу эсвэл зохион байгуулалттай явцуу эрх ашгийн дуу хоолой бидэнд хүрээд байна уу гэдэг дээр ялгаж салгахад сошиал орчинд хэцүү. Иргэд бодитойгоор дуу хоолойгоо нэгдэж өгөх асуудал, иргэд ардчиллын үндэс үүнийгээ хүчтэй илэрхийлж байж төр засаг нь үүнийгээ шийдэхгүй бол болохгүй гэдэг дохиог иргэд маань өөрсдөө санаачилгатай байх нь зүй ёсны хэрэг болжээ. Бид ч гэсэн 2 жилийн дараа дүнгээ тавиулах байх.
Хоёрдугаар ач холбогдол нь хариуцлагын тогтолцоо бий болох ёстой. Зүгээр өргөдөл гомдол аваад дуусчихдаг биш түүнийгээ эрх бүхий байгууллага заавал яаж судалсан, хууль зүйн үндэслэлтэй хариуг нь өгдөг болох ёстой. Сонслоо ямар нэгэн шийдэл байхгүй гэдэг юман дээр иргэд бухимдаж байна. Үүнийг шат шатны байгууллага нь өөрсдөө сонсоод шийдлээ гаргадаг шийдэж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг механизм руу ороход түлхэц өгнө.
Гуравдугаар ач холбогдол, төв болон орон нутгийн тогтолцоо холбогдоно. Өргөдлийн байнгын хороо 2025 оны 7 сард байгуулагдаад ажиллаж байгаа. Бидэн дээр маш их өргөдөл ирдэг. Сүүлдээ бид БЗД-ийн СӨХ-ын асуудал дээр хүртэл УИХ-ын гишүүд очоод ажиллаж байна. Яагаад БЗД-ийн ЗДТГ иргэдийнхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа юм гээд. Шат шатандаа ажлаа хийе л дээ. Аймаг орон нутаг нь сонгогдоод тэндээ иргэдийнхээ итгэлийг авчихсан байвал тэр ажлаа хий, УИХ нь УИХ-ынхаа бодлогын ажлыг хийнэ. Хууль эрх зүйн орчин нь, хэрэгжилт нь муу байгаа асуудал дээр бид оролцоно. Орон нутаг ч гэсэн энэ асуудлаа өөрсдийнхөө шийдэх хүрээндээ иргэдээсээ саналаа аваад шийддэг, УИХ нь ч иргэдийнхээ дуу хоолойг аваад шийддэг тогтолцоо руу орно гэж харж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж байна. Мэдээж ажлын хэсэг дээр гишүүдийн хэлсэн саналуудыг тусгаад өөрчлөх асуудал явагдах байх. Гэхдээ бид ардчиллын чанар гэдэг сонгуулиар дуусчихдаггүй. Сонгуулиас сонгуулийн хооронд иргэдээ хэрхэн үргэлжлүүлж, сонсож, бодлого шийдвэртээ үүнийг гаргасан бэ гэдгээр хэмжигдэнэ шүү.
Сэтгүүлч moto:1793938945957895
