Үйл явдалДээд боловсрол3 мин унших
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ой тохиож байна

Боловсролын сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ойд /2026.11.12/ оролцлоо.
Тэрбээр "Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш 70 жил өнгөрчээ. Энэ бол үе үеийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчдийн хөдөлмөр зүтгэл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зориулсан үнэтэй түүх юм.
Нийгмийн эрүүл мэнд гэдэг өвдсөн хойно нь эмчлэхээс илүүтэй өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрсдлийг эрт илрүүлэх, хүн бүрийг эрүүл амьдрах нөхцөл, боломжийг олгох хамгийн сайн тогтолцоо байх учиртай.
Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлого зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжээр хэмжигдэхгүй. Судалгаа, нотолгоо, урьдчилан сэргийлэлт, салбар хоорондын хамтын ажиллагаагаар хэмжигдэх ёстой.
КОВИД-19 цар тахлын хүнд цаг үед Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн багш, судлаач, төгсөгчид манлайлан ажиллаж, тандалт, судалгаа, оношилгоо, бодлогын шийдвэр гаргах үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг наргүй ажилласан энэ хамт олны хөдөлмөрийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Миний хувьд эрүүл мэндийн салбарын хөгжил, хүний төлөөх үйлсийг гэр бүлийнхээ амьдралаас ч харж өссөн хүн.

Миний ээж Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн анхны сувилагчдын нэг. Хүүхдийн тасагт 34 жил ажилласан хүн. Манайх 11 хүүхэдтэй өнөр айл байлаа. Хөдөө сумдаас эмнэлэг бараадан ирсэн, очих айлгүй хүмүүсийг ээж аав хоёр маань гэртээ байлгаж, хүүхдүүдийг нь асардаг байсан. Аав маань жолооч учраас өвчтэй хүүхдүүдийг эмнэлэгт хүргэж, шаардлагатай үед өөрөө явж авчирна.
Ээж минь ажил дээрээ ч, гэртээ ч хүний төлөө сэтгэлээ зориулж явсан сувилагч хүн. Сувилагч хүн өвтэй зовлонтой бүх хүний шаналал зовиурыг сэтгэлдээ нуруудаа тээж явдаг буянтай хүмүүс. Ээжийнхээ энэ сайхан үйлсээр би үргэлж бахархаж явдаг.
Хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь ганц хүний хийж чадах ажил биш. Үүний тулд зөв бодлого, чанартай боловсрол, судалгаа, эрх зүйн орчин, хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоо хэрэгтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг шинэчлэн найруулж, дараагийн сайддаа үлдээж байлаа.
Мөн Н.Хүрэлбаатар зөвлөхийг АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байх үед Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, Монгол-Японы эмнэлгийг байгуулж, Нийгмийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажилласан.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхантай хамтран сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгож байсан.

Өвчнийг эрт илрүүлэхэд зарцуулсан нэг ам.доллар ирээдүйд 15 ам.долларын үнэ цэнтэй үр өгөөж авчрах боломжтой гэсэн тооцоо бий. Энэ бол урьдчилан сэргийлэхэд оруулж буй хөрөнгө оруулалтын үнэ цэнийг харуулж байгаа юм.
Мөн хүүхдийн эрүүл мэнд, зөв хооллолтыг боловсролын бодлогоос салгаж ойлгож болохгүй. Сургуулийн үдийн хоол бол зүгээр нэг хоол хүнсний асуудал биш. Энэ бол хүүхдийн өсөлт хөгжил, суралцах чадвар, ирээдүйн эрүүл мэндэд оруулж буй хөрөнгө оруулалт.
2027 оны төсвийн төсөлд ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн үдийн хоолны санхүүжилтийг тусгахад анхаарч ажиллалаа. Цаашид 1–12 дугаар ангийн бүх хүүхэд сургууль дээрээ эрүүл, шим тэжээллэг, халуун хоол иддэг болох нь бидний зорилго.
Боловсролын сайдын хувьд АШУҮИС болон Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тогтмол зардлыг шийдвэрлэж, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораторийг олон улсын жишигт нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн БНСУ-д бэлтгэх 1,000 эмч, сувилагч, судлаачийн хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг түлхүү хамруулах чиглэлээр ажиллана.
Эрүүл мэндийн салбарын хөгжилд судалгаа, шинжлэх ухааны оролцоо улам бүр чухал болж байна. АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж, судалгааны үр дүн нь олон улсад ишлэгдэж байгаад баяртай байна.
Ээжийнхээ нэрэмжит шагналыг 2012 оноос эхлэн Хөвсгөл аймгийнхаа шилдэг эмч, сувилагч, асрагч, эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтнүүдэд олгож ирсэн. Хүний төлөө сэтгэл, зүтгэл гарган ажилладаг эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах нь ээжийнхээ сайхан үйлсийг үргэлжлүүлж буй миний нэг хэлбэр юм.
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ой бол өнгөрсөн амжилтаа дүгнэхээс гадна ирээдүйн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн бэхжүүлэхээ тодорхойлох чухал мөч юм" хэмээн онцлов.

