#КомментУлсын нэгдсэн төсөв2 мин унших
Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт “Бид ард түмний орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжсэн төсвийг баталлаа. Монгол Улсын 3,5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч бүрд татварын хөнгөлөлт чөлөөлөлт, цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээл зэргээр дамжуулж төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон. Төсвийн ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал болон ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. УИХ-ын баталсан төсвийг Засгийн газар үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
ИРЭХ ОНД;
- Иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хувь хүний орлогын албан татвар авахгүй.
- Ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ. Тэтгэврийн шинэчлэл үргэлжилж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ.
- Төрийн албан хаагчдын цалин өснө. 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ.
- Эмийн үнийн дарамтыг бууруулна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн өргөн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хариуцна.
- 16 мянган иргэнийг орон сууцтай болоход дэмжинэ. Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг хөнгөлнө. 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг 246 тэрбум төгрөгөөр бууруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно.
- Бүтээн байгуулалтаа үргэлжлүүлнэ. 338 км авто зам барьж, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг 800 нэмэгдүүлнэ.
- ЭКО ӨРХ-ийг дэмжинэ. Гэр хорооллын өрхүүдэд хөнгөлөлттэй ногоон зээлийн зориулалтаар олгох хүүгийн татааст зориулж 24.8 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт суулгалаа. Эдгээр болон бусад арга хэмжээний үр шимийг давхардсан тоогоор 2 сая орчим иргэн, 220 мянга орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж шууд хүртэхээр байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
