Үйл явдалТөв аймаг2 мин унших
Төв аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар Төв аймгийн Боловсролын салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуултуудтай танилцлаа.
Эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол, алслагдсан бүс нутгаас ирж суралцдаг хүүхэд багачуудыг орчин үеийн шаардлага хангасан нөхцөлд сурч, амьдрах боломж бүрдүүлэх зорилгоор Зуунмод сумын төвд 4.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж буй 150 ортой дотуур байрны барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Мөн Зуунмод хотын 5 дугаар сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй, үндсэн хийц бүтээц бүрэн дуусаж, гадна фасад, дээвэр болон дотор заслын ажлууд хийгдэж байна. 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус өргөтгөл ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжрах юм.

“Хүн бүр хүүхдийн төлөө, хүүхэд бүр хөгжихийн төлөө” уриатай 3 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд энэ хичээлийн жилд 56 бүлэгт 1867 сурагч суралцаж, 116 багш, ажилтан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн хамт олон суралцагчдынхаа сурлага, хүмүүжил, төлөвшлийг сайжруулах, сургууль орчмыг эрсдэлээс хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчидтай эргэх холбоотой ажиллах зэрэг зорилт тавин ажиллаж байна.
Сум, орон нутгийн боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчидтай уулзах үеэр боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулж 2020-2027 онд Төв аймагт 71.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 11 сургууль, 13.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 7 цэцэрлэг, 20 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 7 дотуур байрны барилга, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн хэмжээнд 31 ерөнхий боловсролын сургууль, 41 цэцэрлэгт 17 мянга орчим хүүхэд багачууд суралцаж, 1200 гаруй багш, ажилтан, албан хаагч боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа бөгөөд эдгээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд нь хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлж, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

