#ТойрогУлсын нэгдсэн төсөв2 мин унших
Хойд бүсэд 2027 онд 225.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ажиллалаа.
Тэрбээр төсвийн хэлэлцүүлгийн явцад иргэдийн орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах болон орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг тусгуулахад онцгойлон анхаарч ажилласан байна.
Энэ хүрээнд 2027 онд Хойд бүсийн хэмжээнд нийт 225.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлагдлаа. Үүнд:
• Хөвсгөл аймагт – 116.5 тэрбум төгрөг: Боловсролын салбарын сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга, политехник коллежийн цогцолбор болон хүүхдийн эмнэлэг, хүүхдийн зуслан, эрүүл мэндийн төвүүдийг барина. Түүнчлэн сумдын авто зам, гүүр, дулаан болон цахилгаан хангамж, үерийн хамгаалалтын байгууламж, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлнэ.
• Орхон аймагт – 55.1 тэрбум төгрөг: Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл, ахмадын хөгжлийн төв, авто замын бүтээн байгуулалт, ус, дулаан хангамжийн дэд төв, цахилгаан дэд станц зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх бүтээн байгуулалтууд хийгдэнэ.
• Булган аймагт – 54.0 тэрбум төгрөг: 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга, сургууль, цэцэрлэг, дотуур байр, сумдын авто зам, инженерийн шугам сүлжээ, соёлын төв, хөгжимт жүжгийн театр болон орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих төслүүдэд зарцуулагдана.
Бүс нутгийн хэмжээний томоохон төслүүд:
Аймгуудын дотоод хөрөнгө оруулалтаас гадна Хойд бүсийг холбосон дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгажээ. Тухайлбал:
• Жаргалант–Шинэ-Идэр–Мөрөн чиглэлийн 151.5 км авто замын бүтээн байгуулалт;
• Орхон–Хишиг-Өндөр–Гурванбулаг чиглэлийн 59.2 км авто замын бүтээн байгуулалт;
• “Шинэ хөдөө” үйлдвэр, технологийн парк болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баялаг бүтээгч” зэрэг төслүүдэд нийт 34.2 тэрбум төгрөг;
• Бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн дотуур байрны барилгын санхүүжилтийг тус тус шийдвэрлэсэн байна.
