#Шилэн хууль5 мин унших
ТӨСӨВ БАТЛАГДЛАА-Их хурал хяналтаа тавьж, ард иргэд ч шахаж, шаардаж ажиллах үлдлээ!

Монгол Улсын 2027 оны төсөв батлагдлаа. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан орлогыг хамгаалж ажлын байрыг хадгалах боломжтой болсныг Ерөнхий сайд болон сангийн сайд онцлоод буй. УИХ-ын дарга ч үүнтэй утга ижил зүйлийг хэлсэн билээ.
Төсөвт иргэдийн амьдралд шууд мэдрэгдэх тэтгэвэр, тэтгэмж, цалин, татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэхээр тусгасан нь онцлох шийдэл мөн.
Гэвч эдийн засгийн шинжээчид инфляцын дарамт ирэх онд үргэлжилнэ, Тэр хэрээр төгрөгийн ханш унаж, эдийн засаг улам хүндэрч болзошгүйг анхааруулж байгаа юм.
Танилц: Засгийн газрын 2027 оны төсвийн онцлох шийдвэр:
НЭГ:
Ирэх оны эхний өдрөөс 562 мянган хүний тэтгэвэр 10% нэмэгдэх болно.
ХОЁР:
Халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөг болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмж 600 мянган төгрөг болж байна. Ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмж 600 мянган төгрөг болголоо. Асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний тэтгэмж 524 мянган төгрөг боллоо.
ГУРАВ:
Та сарын цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэсэгт орлогын татвар огт төлөхгүй . Энэ бол 2028 оноос 2 сая төгрөг хүртэлх цалинд ердөө 1%-ийн татвартай байх зорилгын эхний бодит алхам боллоо. Жилд 1 сая төгрөг танд өөрт чинь үлдэнэ. Ирэх онд 1 сая монгол хүнд татвар шимтгэл төлөх байсан 1 их наяд
ДӨРӨВ:
Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ . Эмч, багш ХАА соёл, спорт цаг уур. Зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын үндсэн цалин 2027 оны 2 дугаар улирлаас 10%-аар нэмэгдэнэ. Ийнхүү 11 дүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 50% нэмэгдсэн дээрээ ахин нэмэгдэнэ. Төрийн захиргааны албан хаагч төрийн тусгай албан хаагч нарын цалин 20% 4 дүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Төрийн албаны цалин хөлсийг 33 хуулиар зохицуулдаг байсныг шударга зөв зарчим руу нь оруулж дуусдаггүй яриаг дуусгаж байна. Нийт 213 мянган төрийн албан хаагч үүнд хамрагдах болно.
ТАВ:
Боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийг зарцуулна. Ирэх 2027 онд улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төслийг хэрэгжүүлнэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байр шинээр барих ажлуудыг эхлүүлнэ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмж баталлаа. Хүүхдийн хоолны чанар шим тэжээлийг нэмэгдүүлнэ. 6,7 дугаар ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ
ЗУРГАА:
264 тэрбум 600 сая төгрөгийг таны эрүүл мэндэд улсын төсвөөр зарцуулах болно . Улсын хэмжээнд 44 эмнэлэг барих, өргөтгөх, засварлах, шинэчлэх ажлуудыг өрнүүлнэ. Ахмад настан ирэх оны эхний өдрөөс зүрх судас, чихрийн шижин, даралтын эмээ авахдаа огт мөнгө төлөхгүй, ЭМД-ын сангаас 100% хөнгөлж байна
ДОЛОО:
1 их наяд 300 тэрбум төгрөгийг татварын ачаа дарамтыг хөнгөлөхөд зарцуулна. Жилийн борлуулалтын орлого нь 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх компаниуд нэг хувийн татвартай болж байна . Өмнө нь энэ хөнгөлөлт 1 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компаниудад хамаардаг байсан. Жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай, ААН-ийн татвар 25% байсныг ирэх 2027 онд 15% болгон бууруулж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босго 400 сая төгрөг боллоо. Сар бүр НӨАТ-ын тайлан гаргахаас олон мянган компани ийнхүү чөлөөлөгдөж байна. Татвар төлөх хугацааг 2 сар хүртэлх хойшлуулах боломжтой. Гарааны бизнесийн эхний 3 ажилтны ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 жил чөлөөллөө. Жижиг дунд бизнес эрхлэгч дундаж орлоготой иргэддээ зориулан шинээр 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно. 6 мянга гаруй бизнес эрхлэгч жилийн 10%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг авах болно.
НАЙМ:
Ирэх жил 16-25 мянган айл өрхийг орон сууцад оруулна . Энэ бол 100 мянган айлын орон сууцжуулах үндэсний хөтөлбөрийн гараа юм . Орон сууцын санхүүжилтэд 1,8 их наяд төгрөг нэмэгдэх буюу ипотекийн зээлд зориулж гадаад дотоодоос 500 сая хүртэлх зээлийн санхүүжилтийг татна. Хувийн хэвшлийн оролцоотойгоор барилгын салбарт зарагдаагүй байгаа байруудад эх үүсвэр нэмэгдүүлж эхний 3 жилд 6%, 4 дэх жилээс 12%-ийн хүүтэй зээлийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх болно оо. Урьдчилаад төлбөрийн босгыг намсгана түрээслээд өмчлөл хамтын өмчлөл зэрэг олон сонголттой болгоно. Орон сууцаа анх удаа худалдсан тохиолдолд 2,%-ийн татвараас бүрэн чөлөөлнө.
ЕС:
Улс орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт бусад эх үүсвэрээр нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд 4 их наяд төгрөгийг зарцуулна аа. Үүнээс 435 нь шинээр эхэлнэ, 508 нь үргэлжлэн хэрэгжинэ.
АРАВ:
30 том төсөл хэрэгжүүлнэ. Эрчим хүчнийхээ хүчин чадлыг 800мвт-аар нэмэх зорилт тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. ДЦС 5, ДЦС 6, Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг үргэлжлүүлнэ. Эгийн голын УЦС-ын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлнэ.
АРВАН НЭГ:
Үйлдвэрүүдийн үүдийг нээх төслүүд эхлэх болно. Баруун бүсэд арьс ширний үйлдвэр байгуулах ажлыг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр эхлүүлнэ.Газрын тосны үйлдвэрүүдийн үүдийг нээх гачаал хомсдолоос гаргахын төлөөх бүтээн байгуулалтад онцгой анхаарна.
АРВАН ХОЁР:
Экспортын орлогоо 20 тэрбум долларт хүргэх зорилтыг тавьж ажиллаж байна. Евразийн эдийн засгийн холбооны 5 улсын том зах зээл дээр Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортолж эхэлнэ. Эх орны эдийн засгийн лугших судас экспортын үүц гарц болсон Хавирга, Бичигт, Цагаан дэл уул, Булган, Цагаан нуур зэрэг боомтын бүтээн байгуулалт үргэлжилнэ.
АРВАН ГУРАВ:
Иргэн бүрийн эзэмшдэг ЭТТ компанийн 1072 хувьцааг жинхэнэ ёсоор үе шаттайгаар амилуулна . Та орон сууц, хашаа байшин, унаа тэрэг, гар утас шигээ эзний ёсоор өвлүүлэх, бэлэглэх, арилжих, хадгалах, худалдаж авах эрхээ өөрөө эдэлнэ. Төрийн өмчийн компаниуд цэвэр ашгийнхаа 30-аас доошгүй хувийг ноогдол ашигт хуваарилж эхэлсэн бол ирэх жил ч гэсэн төсөвт 3,5 их наядын цэвэр ашгаа хуримтлуулж цэвэр ашгаар татварын хөнгөлөлт ажлын байр нэмэгдүүлэх зорилтуудаа хэрэгжүүлнэ.
АРВАН ДӨРӨВ:
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 50%-ийг зөвхөн иргэдийн санал сонголтоор зарцуулах эрх зүйн орчныг төсөвтэй хамтатган баталлаа. Үлдсэн 50%-ийг тухайн орон нутаг өөрийн хамгийн чухал хэрэгцээнд зориулах боломж нээгдэнэ.
Ийнхүү Засгийн газрын хүнээ бодсон, аж ахуй нэгжээ дэмжсэн 2027 оны ТӨСӨВ батлагдлаа хэмээн ОНЦОЛЖ буй ЭНЭ төсвийн хэрэгжилтэд ам, ажил нь зөрөхгүй байхад Их хурал хяналтаа тавьж, ард иргэд ч шахаж, шаардаж ажиллах үлдлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
