Онцлох мэдээ3 мин унших
ТӨСӨВ 2027: Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын цалин хөлс 50% нэмэгдлээ

Монгол Улсын 2027 оны улсын төсөв батлагдлаа. Ирэх онд тэтгэвэр, нийгмийн халамж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, эрчим хүч, орон сууцны салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. Нийгмийн хамгааллын хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна.
Мөн 2026 оны арваннэгдүгээр сараас олгож эхэлсэн суурь тэтгэврийн үйлчилгээг бүтэн жилийн хугацаанд үргэлжлүүлж, 430 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөг олгохоор тусгажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт хүргэх бол ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн мөн 600 мянган төгрөг болгоно.

СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН САЛБАРЫН 6624 АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИН ДУНДЖААР 477.0-903.0 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2027 оны урсгал зардал 450.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалт 319.7 тэрбум төгрөг нийт 770.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт тусган батлагдлаа.
Батлагдсан төсвийн хүрээнд:
- Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг байна.
- Аялал жуулчлалын 6 хувийн хүүтэй, 6 хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй олгосон зээлийн хүүгийн татаас, 2027 онд шинээр олгох зээлийн хүүгийн санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр 300.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 32.6 тэрбум төгрөг олгоно.
- “Лос-Анжелес 2028” олимп, параолимпын наадмын өмнөх олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд Монгол Улсын баг тамирчид оролцуулж эрх авах, оноо цуглуулах, олимпод оролцох эрхийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 37.8 тэрбум төгрөг батлагдсан.
- Салбарын бүтээн байгуулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,211.1 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй 2027 онд шинээр 34 төсөл арга хэмжээ, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 60 төсөл арга хэмжээнд 319.7 тэрбум төгрөг батлагдсан.
- Монгол Улсын 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилт, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд Хүүхэлдэйн театрын барилга /Улаанбаатар/, Хүүхэд, залуучуудын спортын хөгжлийн бүсийн цогцолбор /Ховд, Жаргалант сум/, Хөгжимт жүжгийн театрын барилга /Булган, Булган сум/ төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ.
- Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн байгууламж, авто зогсоол бүхий отоглох цэг / Увс нуур, Хяргас нуур/, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймгуудад аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Шилжин хэрэгжих 60 төсөл арга хэмжээнээс 2027 онд 44 төсөл арга хэмжээ бүрэн ашиглалтад орсноор соёл, урлаг, спортын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭНЭ
Боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр дүн юм. Уг санхүүжилтээр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхлэх юм байна.
Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зургаа, долдугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар тусгажээ.
Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүний дотор 44 эмнэлгийн төсөл хэрэгжих бөгөөд Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх, нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэлийн ажлууд үргэлжлэхээр байна. Түүнчлэн ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлөхөөр төлөвлөжээ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
