Онцлох мэдээ2 мин унших
"Монгол ноолуурын өдөр" арга хэмжээг Истанбул хотноо зохион байгууллаа

Монгол ноолуурын өвөрмөц чанар, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнэ, нүүдэлчин соёлын өвийг Бүгд Найрамдах Турк Улсад сурталчлан таниулах зорилготой “Монгол Ноолуурын өдөр” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Истанбул хотын İstinyePark худалдааны төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар хамтран зохион байгуулав.
Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НУБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлаас (UNFCCC СОP31) буцах үеэрээ оролцож, нээлтийн үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол ноолуурын онцлог, малчин өрхүүдийн хөдөлмөр, үндэсний үйлдвэрлэгчдийн ур чадвар, тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, Монгол, Туркийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд уг арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээнд Истанбул хотын захирагчийн орлогч Авни Кула болон бусад дипломат төлөөлөгчид тэргүүтэй БНТУ-ын нэхмэл,ноолуур, загварын салбарын 21 байгууллагын 100 гаруй зочин, төлөөлөгч оролцлоо.
İstinyePark дэлгүүрт дэлхийн алдартай Louis Vuitton, Dior, Chanel брэндүүдтэй зэрэгцэн Монголын ноолууран бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд сурталчлан таниулсан нь уг арга хэмжээний онцлог байв.
Арга хэмжээний хүрээнд Монголын уламжлалт урлагийн тоглолт, ноолууран бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, “BODIOS” компанийн танилцуулга зохион байгуулагдав. Мөн БНТУ-ын Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын нэхмэл, даавууны салбар холбоо,“Silk and Cashmere” ХХК болон “ANT Textile”ХХК зэрэг томоохон компанийн төлөөлөгчидМонгол, Туркийн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэж,тодорхой түвшинд тохиролцоонд хүрсэн.
Тухайлбал, “Silk and Cashmere” компани БНХАУ-ын ӨМӨЗО-оос жилд дунджаар 10 сая ам.долларын үнийн дүн бүхий түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүн худалдан авдаг бөгөөд уг худалдан авалтынхаа тодорхой хэсгийг Монгол Улсаас хангах боломжийг судалж, цаашид бодит хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
“Монгол ноолуурын өдөр” арга хэмжээ нь Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд таниулах, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Дашрамд дурдахад, İstinyePark худалдааны төв нь Истанбул хотын хамгийн тансаг зэрэглэлийн худалдааны төвүүдийн нэг бөгөөд өдөрт дунджаар 40,000–45,000 үйлчлүүлэгч хүлээн авдаг байна.

