#Тойрог4 мин унших
Тойргийнхоо иргэдтэй уулзлаа

2026.11.14 Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 31 дүгээр хорооны иргэдтэйгээ уулзаж дүүрэгт хэрэгжиж байгаа ажлуудын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа.
Мөн тухайн хороодод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, цаашид хийх ажлуудын талаар санал солилцож Нийслэл, дүүргийн 2027 оны төсөвт суулгах ажлуудаа ярилцлаа.

СХД-ийн 16, 17, 30 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.
Иргэдийн зүгээс дараах асуудлуудыг хөндлөө. Үүнд:
- Олон жил ашигласан лифт эвдэрч, сэлбэг хэрэгсэл олдохгүй байгаагаас оршин суугчдын аюулгүй байдалд эрсдэл үүсэж буйг, мөн байрнуудын дээвэр муудаж, борооны ус айлуудын гэрт нэвчиж байгааг засварлаж өгөхийг,
- 2013 оноос хойш яригдаж буй 108 айлын цэвэр, бохир усны шугамд холбох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, ажил зогсонги байгааг иргэд уламжилж, шийдвэрлэж өгөхийг,
- Нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, сургуулийн орчимд гүүрэн гарц барих, ахмадын хөгжлийн төв байгуулах санал гаргалаа.
Иргэдийн хөндсөн асуудлуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлэх боломж, хэрэгжилтийн талаар тодорхой арга хэмжээ авахад анхаарч ажиллана.

СХД-ийн 14, 15, 43 дугаар хороодын иргэдийн санал хүсэлтийг сонслоо
Уулзалтаар иргэд амьдрах орчны ая тух, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, зам, гэрэлтүүлэг, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн хүртээмж болон орон сууцны ашиглалт, дахин төлөвлөлттэй холбоотой асуудлуудыг хөндлөө.
Мөн газар эзэмших, өмчлөхтэй холбоотой хүндрэл, хашаа барих шаардлага, дэд бүтцийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх;
- 1 дүгээр хороололд ахмад настнуудад зориулсан хөгжлийн төв байгуулах, 19 дүгээр байрны зүүн талд гарааш буулгасны дараа орхигдсон газрыг тохижуулах;
- 13 дугаар байрны гадна фасад засварын ажилд оршин суугчдын 98 хувь нь гарын үсэг зурсан ч ажил эхлэх хугацаа тодорхойгүй байгааг иргэд уламжиллаа.
Иргэдийн зүгээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажил, үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.

СХД-ийн 23, 29, 37 дугаар хороодын иргэдийн уулзалт
Уулзалтаар Драгон төвийн ард байрлах гурван СӨХ-ийн 1000 орчим өрхөд үйлчлэх цэцэрлэг байхгүй тул газрын асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн барилга барих;
- 29 дүгээр хорооны далан дагуух горхи руу бохир ус цутгаж, улмаар Туул голд нийлж байгаа асуудлыг таслан зогсоож, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах;
- Шөнийн тарифын хөнгөлөлтийг анхаарах, орон сууцны фасад засварын ажлыг шуурхай дуусгах;
- Драгон авто терминалын баруун талаар нэвтрэх боломжгүй, орц гарцын хоёрхон урсгалтай холбоотой түгжрэл, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх;
- Драгоны ойролцоох 23А, Б, В, Г байрны орчим хогийн цэг үүсэж, архидан согтуурах явдал нэмэгдэж байгааг цэгцлэх;
- Дүүргийн хэмжээнд хэл заслын багшийн хүртээмж хангалтгүй байгааг анхаарч, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдэд шаардлагатай боловсрол, хөгжлийн үйлчилгээг нэмэгдүүлэх;
- Гантиган замын хучилтаас үүдэн халтиргаа гулгаа их байгаа тул халтиргаанаас хамгаалах шийдэл хэрэгжүүлэх;
- Камержуулалтыг нэмэгдүүлэхээс гадна хяналтын камерын сохор бүсүүдийг тодорхойлж, бүрэн хяналтад авах шаардлагатайг онцоллоо.
Иргэдийн зүгээс өдөр тутмын амьдралд тулгамдаж буй эдгээр асуудлыг бодит ажил хэрэг болгож, шийдвэрлэлтийг шуурхай зохион байгуулахыг төлөөлөгчдөөс хүслээ.

СХД-ийн 5, 6, 39 дүгээр хороодын иргэдтэй уулзаж байна
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 39 дүгээр хорооны иргэдтэй хийх уулзалтаар газар чөлөөлөлт, дахин төлөвлөлттэй холбоотой асуудал хамгийн их хөндөгдлөө. Тухайлбал, 5 дугаар хорооны иргэд 5 шараас Толгойт хүртэлх зайнд спорт цогцолбор байгуулж өгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлж байна.
Түүнчлэн 6 дугаар хорооны иргэд дахин төлөвлөлтөд хэзээ хамрагдах, хэзээнээс бодит ажил эхлэхийг тодорхой болгохыг хүсэв.

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9 дүгээр хорооны иргэдтэй хийх уулзалт 67 дугаар сургуульд үргэлжиллээ
Баянхошууны иргэд олон жил шийдлээ хүлээсэн газар чөлөөлөлт, халиа дошин, бохир ус, зам талбайн асуудлыг голлон ярьж байна.
Хороодын зарим хэсэгт бохир ус халиа дошинд холилдож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд хүндрэл учруулж байгааг хэллээ. Малчны 1, 2 дугаар гудамжны үлдсэн 67 айлыг нүүлгэн шилжүүлэх, иргэдийн нэрлэж заншсан "Зовлонтын гол" орчмын газар чөлөөлөлтийг шийдвэрлэх хүсэлт тавив.
Үүнээс гадна Уулын 9 дүгээр гудамжинд хүүхдийн тоглоом, спортын талбай байгуулах, Баруун салааны автобусны тоог нэмэгдүүлэх, ахмад настнуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах санал гаргалаа.

СХД-ийн 10, 11, 28 дугаар хорооны иргэдтэй хийх уулзалт 105 дугаар сургууль дээр үргэлжилж байна
Уулзалтаар иргэдийн зүгээс:
-Түлшний чанар муу, асахгүй, уугиж, пургидаг, их хэмжээний мод нэмж байж асаадаг, түлшнээс эвгүй үнэр гарч, үнс нь шавар ихтэй байгаа тул чанарт нь шалгалт хийж, сайжруулах шаардлагатай, мөн түлш борлуулах цэгүүд гэрээс хол, алслагдсан байршилд байгаа тул цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдэд ойр байршуулах хэрэгтэй байгааг хэлж байна.
Мөн замын түгжрэл, автобусны хүртээмж, чиглэлийн давхцал, уулзварын зохицуулалт, явган хүний гарц, камерын хяналт, газрын маргаан, ЖДҮ-ийн зээлийн хүртээмж зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, нийслэл, дүүргийн холбогдох газар, хэлтсийн удирдлагууд ирж иргэдийн санал, хүсэлтэд хариулт өгч байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
