#Тойрог1 мин унших
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Р.Сэддорж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын хамтаар тойрогтоо ажиллаж явна. Тодруулбал тэрбээр Онгийн голын хөвөөнд орших, Өвөрхангай болон Өмнөговь аймгийн сумдтай хил залган байрладаг Сайхан-Овоо сумынхаа иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтаар УИХ-д санаачлан ажиллаж буй хууль тогтоомжийн өөрчлөлт, говийн бүс нутгийн хөгжил, тэр дундаа усны асуудал, гадаргын усыг говьд хүргэх төслийн ач холбогдол, усны эрх зүйн орчны шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө.
Мөн улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар ярилцаж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Сайхан-Овоо сумын хувьд энэ жилийн зуншлага тааруу байж, малчид отор нүүдэл хийх нөхцөл байдалтай тулгарсан. Өвлийн цас хэдийнэ бууж, малчдын хувьд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, бэлчээр, ус хангамж, малын тарга хүч зэрэг олон асуудал анхаарал татаж буй нь уулзалтын үеэр хөндөгдлөө.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж, "Уул уурхай түшиглэсэн бус, мал аж ахуй, байгаль цаг уурын нөхцөлөөс амьжиргаа нь шууд хамаардаг энэ нутгийн иргэдийн асуудалд бодлогын түвшинд анхаарах нь чухал юм. Нутгийн иргэдийн санал хүсэлт, амьдрал дээр тулгарч буй асуудлыг сонсож, хууль тогтоох байгууллагын түвшинд хөндөх, холбогдох бодлого, шийдвэрт тусгуулахын төлөө ажиллана. Иргэдтэйгээ уулзаж, сонсож, санал бодлоо солилцох нь ажлын салшгүй хэсэг юм" гэв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
