#Коммент2 мин унших
Бидний шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч шалгуулахаа мэдэгдлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр буюу 2026.11.16-ны өдрийн ээлжит хуралдаанаа хийсэн. Энэ үеэр Бүлгийн дарга Б.Түвшин "Хулгайд нэр холбогдсон бүх албан тушаалтан ажлаа өгч шалгуулахыг шаардана. Бүх оффтейк гэрээг ил болгуулахын тулд Хянан шалгах түр хороо байгуулна" гэв.
Тэгвэл Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл "Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, албан тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг Ардчилсан намаас шаардаж байна. Хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ. Ард түмэнтэйгээ талбайд гарна" гэж мэдээлсэн.
Тэгвэл Ардчилсан намын энэхүү шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч шалгуулахаа өнөөдөр /2026.11.17/ мэдэгдлээ. Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Өчигдөр АН-ын бүлэг хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөөд үнэн мөнөө тогтоолго гэж шаардаж байна лээ. Энэ тавьсан шаардлага зөв. Би санал нийлж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаад шалгуулаад нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн мэдэгдээд байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарсан шийдвэр:
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар мэдээлэл сонсож, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах шийдвэр, шаардлагыг гаргасан талаараа мэдээлсэн. Үүнд:
Оффтейк гэрээнүүдийг ил тод болгох, хянан шалгах түр хороо байгуулна
Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн гарын үсэг зурж, сүүлийн 10–20 жилийн хугацаанд хэрэгжсэн оффтейк гэрээнүүдийг шалгах, тэдгээрийг олон нийтэд ил тод болгох зорилгоор УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргалаа.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт орж ирсэн их хэмжээний мөнгөн хөрөнгө хаашаа зарцуулагдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах болон сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэх мэдээллийг нарийвчлан шалгах шаардлагатай гэж үзэж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцохыг шаардана
Хулгай, авлигын хэрэгт холбогдсон Засгийн газрын гишүүд болон бусад албан тушаалтнууд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой.
Мөн Засгийн газарт тодорхой хугацаатай үүрэг, шаардлага хүргүүлж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардана. Шаардлагын биелэлт хангалтгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хүртэл улс төрийн хариуцлага тооцох арга хэмжээ авах болно
Оффтейк гэрээтэй холбоотой нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулахаар шийдвэрлэлээ
Ардчилсан намын бүлгээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад асуулга тавьж, оффтейк гэрээ, нүүрсний хулгай, авлига, хээл хахуультай холбоотой асуудлаар нээлттэй хяналтын сонсгол зохион байгуулах шаардлага хүргүүлнэ.
Нууцалсан гэрээнүүдийн цаана ямар ашиг сонирхол, хууль бус үйл ажиллагаа байсныг тогтоож, холбогдох мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж үзэж байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
