Үйл явдал1 мин унших
Ж.Чинбүрэн: Улаанбурхан намжсан ч дархлаажуулалтыг сулруулж болохгүй!

АНУ-д улаанбурханы халдвар жил гаруй тасралтгүй тархаж, тус улс халдварын дотоодын тархалтыг таслан зогсоосон статусаа 26 жилийн дараа алдсан тухай Forbes мэдээлжээ. Дархлаажуулалтын хамралт буурахад олон жилийн хөдөлмөрөөр тогтоон барьсан халдвар дахин газар авч болдгийг АНУ-ын жишээ харуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
Намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад улаанбурхан Монгол орныг бүхэлд нь хамраад байлаа. Тэр үед бидний хамгийн их санаа зовж байсан зүйл бол биеийн байдал нь хүндэрсэн хүүхдүүдээ алдчих вий гэдэг байв. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олонтойгоо хүчээ нэгтгэн, хүндэрсэн хүүхэд бүрийн амь насыг хамгаалахын төлөө ажилласан.
Үүний зэрэгцээ бид орон даяар дархлаажуулалтыг эрчимжүүлсэн. Өнөөдөр тэр дэгдэлтийг хяналтад авч чадсан нь хүүхдүүдээ эмчилж, сувилсан, вакциныг нь хийсэн эрүүл мэндийн ажилтан бүрийн, мөн хүүхдээ дархлаажуулалтад хамруулсан эцэг эхчүүдийн хамтын үр дүн. Та бүхэндээ баярлалаа.
Аав, ээжүүд ээ, хүүхдийнхээ дархлаажуулалтын дэвтрийг нэг сөхөөд үзээрэй. Улаанбурханы вакцины товлосон тун нь хоцорсон бол өрх, сумынхаа эрүүл мэндийн төвтэй холбогдож нөхөн хийлгээрэй. Ингэснээр та хүүхдээ хамгаалахын зэрэгцээ вакцин хийлгэх нас нь хараахан болоогүй бяцхан үрсийг ч хамгаалахад хувь нэмрээ оруулна.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
