Онцлох мэдээ2 мин унших
Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд зөвхөн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс гадна түүнийг эзэмшиж, ашиглах чадвартай хүний нөөцөө бэлтгэх нь нэн чухал.
Өнгөрсөн есдүгээр сард АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн дэргэд Робот мэс заслын сургалтын төв нээлтээ хийсэн. Харин өнөөдөр тус төвд робот мэс заслын эмч нарын сургалт албан ёсоор эхэллээ.
Улсын болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн мэс заслын эмч нар анхны сургалтад хамрагдаж, ХСҮТ, УНТЭ-т хийгдэж буй робот мэс заслын хагалгаанд оролцон, бодит хагалгааны явцтай танилцаж, туршлага судлан суралцаж байна.
Робот мэс заслын эмч, мэс заслын багийн сувилагч, резидент эмч, мөн дурангийн мэс заслын эмч нараа робот мэс заслын чиглэлээр мэргэшүүлэх гэсэн дөрвөн албан ёсны хөтөлбөрөөр сургаж байна. Робот мэс засал нь багийн ажиллагаа шаарддаг учраас ингэж багаар нь бэлтгэх тогтолцоо бүрдүүлж байгаа нь онцгой ач холбогдолтой.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ихээхэн цаг хугацаа, өндөр төлбөр зарцуулан суралцдаг байсан робот мэс заслын дэвшилтэт технологийг одоо эх орондоо, дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж, мэргэшсэн багш нарын удирдлага дор эзэмшиж, дадлагажих боломж бүрдлээ.

Бид робот мэс заслын технологийг нэвтрүүлэгч орон байхаас гадна энэ технологийг эзэмшсэн хүний нөөцөө бэлтгэж, тогтвортой хөгжүүлэх чадавхтай болж байна. Цаашлаад эрүүл мэндийн салбарынхаа чадавхыг бэхжүүлэх тогтолцооны эхлэл ийнхүү тавигдлаа.
Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, улаан хоолойн чиглэлээр, элэгний хэсэгчилсэн болон томоохон тайралт зэрэг нийт найман удаагийн робот мэс заслын хагалгаа амжилттай хийгдээд байна. Мөн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia робот мэс заслыг нэвтрүүлэн, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэллээ.
Цаашид робот мэс заслын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцөө нэмэгдүүлж, эмчилгээний төрөл, хүртээмж өргөжихийн хэрээр иргэд маань эх орондоо өндөр нарийвчлалтай, бага хөнөөлт, орчин үеийн дэвшилтэт мэс заслын эмчилгээ хийлгэх боломж улам нэмэгдэнэ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
