#Тойрог1 мин унших
БЗД-ийн 33 дугаар хороо, Баяндөхөм орчмын цахилгаангүй өрхүүдийг цахилгаанд холбоно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны Баяндөхөм орчмын цахилгаан эрчим хүчний шугамд холбогдоогүй, өнөөдрийг хүртэл тог цахилгаангүй байгаа иргэд, айл өрхүүдийн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр 2024 оноос хойш ажиллаж байна.
Тэрбээр "Тухайн үед иргэдийн хүсэлтийг Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэнд уламжилж, холбогдох яамнаас судалгаа, тооцоо, төлөвлөлтийг хийлгэхэд уг ажлын төсөвт өртөг 420 сая төгрөгөөр тооцогдож байв.
Цахилгааны шугамыг айл өрх бүр дангаараа татуулахад өндөр зардал гарах тул иргэдийн хувьд өөрсдийн хүчээр шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Иймд уг ажлыг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлүүлэхээр ажилласан юм.
Улмаар Эрчим хүчний сайд Бадрахын НАЙДАЛАА санхүүжилтийг сайдын багцаас шийдвэрлэж, тендер зарласнаар “Энгүүнмэл эрчим” ХХК 380 сая төгрөгөөр гүйцэтгэж, 2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн.
Баяндөхөм орчмын иргэдийн төлөөллийн хамт Эрчим хүчний сайд Б.Найдлаатай уулзаж, олон жил хүлээгдсэн ажлын хэрэгжилтийн хугацааг наашлуулах хүсэлт тавилаа. Уулзалтын үр дүнд 2027 оны эхний хагас жилд багтаан айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг дэмжиж, анхаарч ажиллаж буй Эрчим хүчний сайд Бадрахын НАЙДАЛАА танд талархал илэрхийлье.
Энэ ажил нь зөвхөн хүсэлт гаргасан 39 өрхөөр хязгаарлагдахгүй. Тухайн бүсэд амьдарч буй болон зам дагуух 400 орчим өрхийг цаашид цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
