Үйл явдал2 мин унших
Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигин” чуулга үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна

Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулга үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Тус чуулга нь 2001 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 46 дугаар тогтоолоор мэргэжлийн урлагийн байгууллага болон байгуулагдсан түүхтэй.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монголын үндэсний болон Боржигин нутгийн соёлын өв, дуу хуур, бүжиг, ардын урлагийн уламжлалыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн урлагийн олон арван бүтээлийг үзэгч олонд толилуулсаар иржээ.
Өдгөө “Боржигин” чуулга 57 орон тоотой, мэргэжлийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Тус чуулгын уран бүтээлчдийн дийлэнх хувийг 30 хүртэлх насны залуус эзэлж байгаа нь үндэсний урлагийн өв уламжлалыг залуу үед өвлүүлэн үлдээх, мэргэжлийн урлагийн залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд "Бодончар сэцэн", "Сэцэн чин ван", "Боржигин сэцэн" түүхэн жүжгүүд, “Учиртай гурван толгой” дуурь, “Боржигин түмний дуулал”, “Боржигин наадам”, “Шашин урлагийн цэнгүүн”, “Хөх толботон” хамтлагийн уран бүтээлүүд болон хүүхдэд зориулсан “Пандуухайн паян”, “Шидэт Баянбүрд”, “Домгийн шар арслан” зэрэг олон арван уран бүтээлээр урын сангаа баяжуулж, үзэгчдийн хүртээл болгожээ.
Түүхт 25 жилийн ойгоо угтан тус чуулгаас “Боржигин 25 Өнөөдөр”, “Боржигин 25 Өв” хүндэтгэлийн тоглолтуудыг зохион байгуулж, үндэсний урлагийн өв уламжлал, уран бүтээлийн ололт амжилтаа үзэгч олондоо толилууллаа.
“Боржигин” чуулгын үе үеийн удирдлага, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр, зүтгэл, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэг, үзэгчдийн халуун алга ташилт нь тус чуулгын хөгжил, уран бүтээлийн амжилтын салшгүй хэсэг байсаар ирсэн юм.
Говьсүмбэр аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулгын үе үеийн удирдлага, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид, хамтран ажиллагч байгууллагууд, эрхэм хүндэт үзэгчдэд түүхт 25 жилийн ойн баярын мэнд хүргэж, үндэсний соёл, урлагийн үнэт өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд нь улам их амжилт хүсье.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан



