Байр суурь2 мин унших

Х.Ганхуяг: Шинэ хуулиар чөлөөт бүсийг 20 жилийн хугацаатай байгуулна. Шаардлагатай бол дахиад 20 жилээр сунгана

Х.Ганхуяг: Шинэ хуулиар чөлөөт бүсийг 20 жилийн хугацаатай байгуулна. Шаардлагатай бол дахиад 20 жилээр сунгана

УИХ-ын чуулганы 2026.11.27-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

Дархан хотод ХАА-н чөлөөт бүсийг байгуулах боломжтой болно гэсэн үг. Хүнсний хувьсгал, Цагаан алт гэх мэт ЗГ-аас хэрэгжүүлж байгаа УИХ-аас баталж байгаа бусад дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогуудаа хийгээд явчих боломжтой болно гэсэн үг. Ер нь чөлөөт бүс гэдэг маань бид нарын уул уурхайн бус эдийн засгийг бий болгох эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох эдийн засгийн локомативыг бий болгох боломж нь чөлөөт бүс байдаг. Зөвхөн Казахстан улс гэхэд бараг 20 гаруй чөлөөт бс, Хятадад 400-500 чөлөөт бүс байна, Замын-Үүд Эрээний чөлөөт бүс байна. Хөх хот дээр шинээр чөлөөт бүс байгууллаа. Яагаад чөлөөт бүс байгуулаад байна гэвэл тодорхой хэмжээний хугацаа өгөөд тэр хугацаандаа хөрөнгө оруулалтыг татаад энгийн дэглэм рүү шилжүүлдэг. Хуучин байсан Чөлөөт бүсийн хууль маань нэг газар чөлөөт бүс байгуулаад тэр чигтээ төрийн захиргааны байгууллага болоод хэдэн хүмүүсийн цалин болоод л байж байдаг. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт 4 чөлөөт бүс дээр орсон байгаа. Мөн 94,5 сая долларын зээл авсан байгаа АХБ-аас. Өнөөдрийн байдлаар тэнд нэг ширхэг ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэггүй. Тэнд гарах гэж байгаа үйлдвэрлэх гэж байгаа үйлдвэрт нь энгийн журмаар зөвшөөрлийн процесс нь адилхан хэрэгждэг. Сумын байцаагч очоод үйлдвэрийг нь хаах эрхтэй байдаг. Нөгөө байгууллага сумын байцаагчийн шийдвэрийг эсэргүүцэх гэхээр шүүхийн 2-3 жилийн процесс үргэлжилдэг. Шинэ хуулиар чөлөөт бүсийг ерөөсөө 20 жилийн хугацаатай байгуулна. Шаардлагатай бол дахиад 20 жилээр сунгана. Нэг ёсондоо орон нутаг нь өөрөө энэ чиглэлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаа татъя, бүс нутгаа хөгжүүлье гээд санаачилга гаргаад засгийн газраар шийдвэрлүүлнэ. Чөлөөт бүсээ байгуулснаар хурдтай хөрөнгө оруулалт татаад, хурдтай ажлын байраа бий болгоод явна гэсэн үг. Хэсэг хүмүүст цалин өгөөд л байж байдаг байдлаасаа цөмөөрөө салъя гэж байгаа юм. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн асуудлыг өөрчлөх асуудал ерөөсөө байхгүй. Одоо байгаа нутаг дэвсгэр дээрээ л үйл ажиллагаа явуулж байна. Чөлөөт бүс маань эргээд газартай чөлөөт бүсээсээ гадна мөн клауд буюу үүлэн чөлөөт бүсийг байгуулах боломж өнөөдөр байгаа. Өнөөдөр тийм чөлөөт бүсүүд байна. Тийм учраас ЗГ луу эрхийг нь шилжүүлээд байгаа асуудал байгаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан