Invalid YouTube URL
УИХ-ын гишүүн Г.Батхүү: Манай ихэнх яамдууд аж ахуйн үйл ажиллагаа руу чиглэн ажиллаж байна. Уг нь бодлогын яамдууд байгаа. Түүний ажлыг хэрэгжүүлдэг агентлаг, улсын үйлдвэрийн газрууд дор нь ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Малын үйлдвэр угшилтай холбоотой ямар бодлого байна.
Аль бүс нутагт нь цэвэр Монгол үйлдвэрийн угшлын ямар мал байх, аль хэсэгт нь эрчимжсэн мал аж ахуйг давуу хөгжүүлэх вэ гэх мэт олон асуудлыг бодлогоор тодорхойлж, ойлгомжтой болгох ёстой. Монгол цэвэр үйлдвэрийн мал тэсвэр хатуужил, амьдрах чадвар сайтай, хямд өртгөөр өсгөж үржүүлж болдог гэх мэт олон сайн талуудтай.
Сүүлийн үед бодлогогүй эрлийзжүүлэх ажиллагаатай холбоотой малын энэ сайн чанарууд алдагдаж, Монгол угшлын цэвэр үйлдвэрийн мал цөөрөх хандлагатай байна. Үүнийг бодлогын яам анхаарч тодорхой бичиг баримт гаргах ёстой.
Мөн орон нутагт ажиллаж буй үйлдвэр угшлыг сайжруулах, малыг эрүүлжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2-3 хүн сум бүрт ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн ажлыг хэн дүгнэдэг вэ. Цэвэр үйлдвэрийн эцэг мал оруулж ирэн эрлийзжүүлж байгаа, үр хөлдөөж оруулж ирж байгааг гэрчилгээжүүлэх асуудал манайд хийгдэхгүй байна.
Энэ чиглэлээр яам бодлого явуулах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн маш их эцэг мал оруулж ирж үржүүлэг явуулж байгаа ч энд төрийн нэгдсэн бодлого дутагдаж байна. Түүнчлэн малчид гэртээ, хотондоо бүх мэргэжлийн ажлыг хийж байгаа.
Малчдад мэргэжил олгох үнэмлэх олгож байгаа. Гэхдээ залуу малчдыг сургах, залуучуудыг мал аж ахуйн бизнес рүү оруулах хөшүүргийг төрөөс хэрхэн явуулах вэ гэв.