БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол:
Ажлаас чөлөөлөгдсөн нэг ч хүн надтай уулзаагүй
Шийдлийн Засгийн газар байгуулагдаж хоёр яам нэгдсэн. Ингэснээр салбарын хэмжээнд яамны харьяа есөн нэгжийг татан буулгаж, 47 хүнийг хаана багтааж шингээх тухай асуудал үүссэн. Мөн төрийн албан хаагчдын 15 хувийг ажлаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоол гарч, сайдуудад даалгавар өгсөн.
Би ажлаа хүлээн авснаас хойших анхны шуурхай хуралдаанд яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар ажилдаа ирээгүй. Энэ мэтээр 14 хоног харзнасан, маш ойлгомжгүй нөхцөлд ажилласан.
47 хүнээс 19-ийг нь яаманд шилжүүлэн ажиллуулсан, ганц нэг хүн нь ажлын ачаалал дийлэхгүй шалтгаанаар хүсэлтээрээ ажлаас гарсан. Ажлаас халагдсан хүмүүсээс нэг ч хүн би энэ шийдвэртэй санал нийлэхгүй байна гэж надад хандаагүй. Би их гайхаж байна.
Төрийн албанд чадварлаг боловсон хүчнийг ажиллуулах бодлогын хүрээнд асуудалд хандсан, төрийн албыг хөдөлмөрийн бирж болгохыг хүсээгүй. Яамны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Цэвэр агаар сан, Сав газруудын захиргаа зэрэг байгууллагаас 46 хүнийг ажлаас чөлөөлсөн.
Үүний 20 хүн нь өмнөх сайдтай холбоотой юм билээ.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг:
Төрийн яам хоёр жил үүрэг гүйцэтгэгч нартай байсан
Намайг сайдаар томилогдон ирэхэд яамны газар хэлтсийн 12 дарга, харьяа газрын 31 дарга, зарим МСҮТ, политехникийн коллежийн 29 захирал “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан.
Учир нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж, албан ёсоор томилогдоогүйтэй холбоотой яаманд Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдаагүй байсан. Хөдөлмөрийн сайдаар томилогдсоноос хойш Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн, албан ёсны даргатай болж, Төрийн албаны салбар зөвлөл байгуулагдсан.
Ингэснээр яамны газар хэлтсийн дарга нарыг 100 хувь төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж бүрдүүллээ. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 129 хүнтэй Хөдөлмөрийн яамны 100 болгосон. Би нэг ч хүнийг хууль бусаар ажлаас халаагүй.
Төрийн албаны тухай хууль, Төрийн жигхэнэ албан хаагчийг томилох тухай журамд үндэслэн арга хэмжээ авсан. Харин яагаад Төрийн нарийн бичгийн даргыг 2 жил 4 сарын хугацаанд албан ёсоор томилоогүй юм бэ? гэж Төрийн албаны зөвлөлөөс асуумаар байна.