Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Хөдөлмөрийн сайд салбарынхаа хэмжээнд 64, БОНХАЖ-ын сайд 66, Эрүүл мэнд, спортын сайд 11 хүн ажлаас чөлөөлсөн гэх өргөдөл тус байнгын хороонд иржээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Төрийн албан хаагчдыг битгий ингэж халж солиоч ээ
Ер нь бид энэ асуудлыг нэлээд нухацтай ярилцах цаг нь болсон байна. Сайд дарга нар та бүхэн улс төрийн албан тушаалаар очсон байж болно. Тэглээ гээд тэнд төрийн албан хаагчдыг халах эрхгүй. Тэд төрийн албандаа шалгалт өгөөд тэнцээд ажлаа хийж байгаа. Манай сайд дарга нар өөрсдийн багаа бүрдүүлэх нэрийдлээр нам дамжсан залуусаар төрийн албыг дүүргэдэг байдлаас болж одоогийн залуус намд орчихоор төрийн албанд очно гэсэн сэтгэхүйтэй болж байна. Бид ийм хүмүүс хүмүүжүүлж болохгүй. С.Ламбаа сайд Эрүүл мэндийн сайд байхдаа нэг ч хүнийг төрийн албанаас чөлөөлөлгүй асуудлыг эвтэйхэн удирдаад ирсэн. Тэгэхээр энэ халж солих асуудал хувь улстөрчийн характераас бас шалтгаалдаг юм билээ. Төрийн албан хаагчдыг битгий ингэж халж солиоч ээ. Наад хүмүүс чинь цалингийн зээлтэй, ардаа амьдралтай, найман хувийн зээлээ төлөх гэж л ядарч яваа хүмүүс.