Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хуулийн нэр томъёог зөв тодорхойлохгүй юм бол буруу хэрэглэх эрсдэл үүсч болно гэдгийг хэллээ. Энэ хуулийг өмнөх парламентад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санаачилж байсан учраас нэмэлт, өөрчлөлт оруулахдаа болгоомжтой хандахыг гишүүдэд анхааруулав. Ингээд түүний илэрхийлсэн байр суурийг бүрэн эхээр нь хүргэе.
Хуулийн нэр томъёог зөв ойлгуулахгүй юм бол нийгэмд сөрөг ойлголт бий болохоор байна. Тухайлбал,
Хуулийн этгээд нэр томъёоноос харахад, Эрдэнэс Таван толгой ХК-ийн тодорхой тооны хувьцааг Монгол Улсын 3 сая иргэн эзэмшдэг. Энэ хуулиар бол Монгол Улсын бүх иргэн хуулийн үйлчлэлд орж байгаа юм. Өөр нэг ноцтой заалт гэвэл “хөдлөх хөрөнгө” гэж оруулж ирсэн байна. “Хөдлөх хөрөнгө” гэдэгт миний унаж яваа автомашин, хувцас, эд хэрэгсэл багтах нь.
Ингээд бодохоор Монгол Улсын иргэд дэлхийн 30 гаруй улсад ажиллаж, амьдрахдаа хөдлөх хөрөнгө авах эрхээсээ татгалзах болж байна. Учир нь би Монгол Улсын бүх иргэдэд нэгдмэл сонирхолтой этгээд. Энэ мэтчилэн хуулийн нэр томъёогоо зөв томъёолохгүй юм бол хэт туйлшрах хандлага руу орж, энэ нь эргээд төрийн чадавхийг сулруулах, нийгэмд үл итгэлцэл төрүүлэх эрсдэлтэй юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсэн сэргийлэх тухай хууль бол өмнөх парламентад миний санаачилсан хууль юм. Гэтэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн нэр томъёог явцууруулж, “хөдлөх хөрөнгө” гэж оруулан, Монголын бүх иргэдэд хамаатуулж байгаа нь эргээд хуулийг буруу ашиглах тэр дундаа бизнес эрхлэгчдийг дарамтлах эрсдэл үүсэх гээд байна. Болдог бол асуудлыг хойш тавьж, дахин ярилцахгүй юм бол УИХ өөрөө эвгүй байдалд орох болно.