Хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг тэрбээр танилцуулгын эхэнд дурдлаа. Үүнтэй холбоотойгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Төслийн 2 дугаар зүйлд сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах, баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг оруулахтай холбоотой нэмэлтийг оруулжээ. Түүнчлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой шаардлагатай төсвийг тодорхой болгох, хуулийн зарим зохицуулалтыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулах аж.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь нар асуулт асууж, салбарын сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авлаа. Холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулсан байна. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн ондоо 34 арга хэмжээ, 2015 онд 85 арга хэмжээг авч хэрэгжүүлж байжээ.
Цагдаагийн Ерөнхий газарт Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийг байгуулснаас хойш 2016 онд 42 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол 2017 онд 36 арга хэмжээ, өнгөрсөн онд 65 хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ оны 3 дугаар улирлын байдлаар 105 иргэнийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлээд байгаа талаарх тоон мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн дарга Б.Буянтөр танилцууллаа.
Төсөлтэй холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 11 гишүүний 6 нь буюу 54.5 хувь нь Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: