Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөх, Улсын Их Хурлын гишүүд болон Байнгын хорооны гишүүдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирснийг Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээллийнхээ эхэнд онцлов.
Намрын чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлуулсан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон. Хуулийн шинэлэг зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
Өмнөх хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын тэргүүлэгчид нь Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан буруу жишгийг шинэ хуулиар халж, Хурал нь асуудлаа бүрэн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хамтын удирдлагын байгууллага байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн итгэлийг алдсан хариуцлагагүй төлөөлөгчийг эгүүлэн татах, нэгдмэл хариуцлагатай, улс төрийн шинэ соёл нэвтрүүлэх, орон нутгийн санхүү, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн орчин бүрдүүлэх зэрэг олон шинэ зохицуулалтыг тусгасан. Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах хүрээнд өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор иргэдийн шууд удирдлагын хэлбэр болох иргэдийн нийтийн Хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалтыг тусгайлан зохицуулахын сацуугаар бусад хэлбэр (иргэдийн санаачлах эрх, орон нутгийн санал асуулга зэрэг)-ийг хуульчилж өгсөн.
Намрын чуулганы хугацаанд Байнгын хорооноос хэлэлцүүлж батлуулсан бас нэг гол хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2019 онд орсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгатай нийцүүлж, Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацаа, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.
Мөн нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах бөгөөд уг мэдүүлгийг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн тус газар нь өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан өгсөн. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.
Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг нь сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулах юм. Түүнчлэн нэг хүн сонгуулийн өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр зохицуулсан талаар танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна.” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсаныг Улсын Их Хурал 2020 оны наймдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно.” гэж; Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.” гэж тус тус өөрчилсөнтэй уялдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулжээ.
Байнгын хороо тайлант хугацаанд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд нийцүүлэх талаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.
Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, санал бодлыг сонсох, үүрэг чиглэл өгөх талаар тайлант хугацаанд тодорхой арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нутгийн удирдлагын дэд хорооноос Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр эрдэмтэн судлаачдын хүрээнд, 2020 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дарга болон Хурлын төлөөлөгчдийн дунд цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Эх сурвалж: