Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, өнөөгийн Боловсролын хуулийн дагуу “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга буюу дөрвөн жилийн хугацаатай томилогддог улс төрийн албан тушаалтан” нь төрийн үйлчилгээний албан тушаалтан болох “ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилон чөлөөлж” байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт болон Үндсэн хуулийн суурь агуулга, зарчимтай зөрчилдөж байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч шинээр томилогдсон аливаа сум, дүүргийн Засаг дарга тухайн харьяаныхаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг шинээр томилох, хууль зөрчиж ажлаас нь чөлөөлөх, сонгон шалгаруулалтгүй түр орлон гүйцэтгэгч тавих байдал улсын хэмжээнд нийтлэг асуудал болж, хот хөдөөгүй түгээмэл ажиглагдаж байна. Ийнхүү аймаг, дүүргийн боловсролын газрын дарга, ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг улс төрийн зорилгоор үндэслэлгүйгээр чөлөөлөх болон томилж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчим, Төрийн албаны тухай хуульд заасан суурь зарчимтай зөрчилдөж байгааг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 839 сургууль, 1454 цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын халаа сэлгээ, шинэ томилгооноос үүдэлтэйгээр боловсролын салбарын нийт 85 мянган багш, албан хаагч нарын нарын нийтлэг эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халагдаж чөлөөлөгдөх, ажлын байртай холбоотой хөдөлмөрийн маргаан үүсэх, шүүхэд шилжиж шийдвэрлэгдэх зэрэг асуудлууд ихээр үүсэж байна. Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд давхардсан тоогоор ажил олгогчдын буруутай үйл ажиллагаа болон ажлын байрны шийдвэртэй холбогдолтой нийт 1726 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 2017 онд 523, 2018 онд 389, 2019 онд 422, 2020 онд 392 өргөдөл, гомдол тус тус ирсэн байна. Нийт өргөдөл, гомдлын 14,7 хувь нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хөдөлмөрийн маргаан үүсгээд байна. Мөн улс төрийн томилолт авч, шинээр томилогдсон Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч дарамт, нөлөөллөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан, чөлөөлөгдсөн өргөдөл, гомдол нийт гомдлын 61,2 хувийг эзэлж байгааг танилцуулгад дурдав.
Боловсролын салбарыг улстөржилтөөс ангид байлгах, дарамт, шахалтыг арилгах, мэргэшсэн, тогтвортой байдлыг бий болгох үүднээс Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан гэж байлаа.
Ингээд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: