Онцлох мэдээ3 мин унших
Хүнд үйлдвэрийн тухай хуультай болно

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнөөдөр /2021.11.24/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан.
Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж байна.
Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба



