Үйл явдал3 мин унших
Ирэх оны төсвийн орлогыг 17.3 их наяд байхаар тооцжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17 их наяд 312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19 их наяд 219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь байхаар тусгажээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 906.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон бөгөөд энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцсэн болно гэдгийг Сангийн сайд онцлов.
Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг, өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт боловсруулан өргөн барьсан байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийг мэдэгдэхүйц багассан үр дүнтэй байна.
Тухайлбал, 2018 оны эцсээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 58.9 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд тус харьцаа 50.7 хувь болжээ. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ирэх онд өрийн менежментийг хэрхэн хийх, төсвийн орлого нэмэх, зарлагаа бууруулах боломжийн талаар тодруулав.
