Хуулийн хамгийн гол үзэл санаа нь төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт шилжүүлснээр тэдний бие дааж шийдвэр гаргах бололцоо нь нээгдэж, төсөв хөрөнгөө захиран зарцуулснаар нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Хөдөө орон нутгийн хөгжлийн гацаа, зах зээлийн өрсөлдөөнгүй байдлаас үүдэн Улаанбаатар хотод шилжин ирэгсэд жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар 2020 онд 39515 иргэн нийслэлд шилжин иржээ.
Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Сүхбаатар
Эл байдлыг арилгаж орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад чухал заалтыг оруулсан. Энэ нь орон нутагт анх удаа төсвийн болон эдийн засгийн зохих эрх мэдлийг олгосон нь ихээхэн ач холбогдолтой юм.
Ийнхүү орон нутгийн татварын орлогын 40 хувийг тухайн харьяанд үлдээснээр 2022 онд 588.2 тэрбум төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжинэ гэх тооцоог Сангийн яамнаас гаргасан. Үүний дийлэнх хэсэг буюу 40.9 хувийг Улаанбаатар хотод, 33.6 хувийг Өмнөговь аймагт, 11.6 хувийг Орхон аймагт тус тус хуваарилах юм.
Татварын орлого нь тухайн орон нутагт төвлөрснөөр бүс нутгаа хөгжүүлэх, дотооддоо асуудлаа шийдэх, ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх зэрэг боломжууд нээгдэх юм. Түүнчлэн эл хуулиар тухайн сум болоод дүүрэгт ажиллаж буй иргэдийн хувь хүний амын орлогын албан татварыг 100 хувь харьяа газрын төсөвт төвлөрүүлэхээр болсон байна.
Өмнө нь зөвхөн босоо удирдлагаар дээрх асуудлыг шийддэг байсан юм. Харин одоо нутгийн иргэд Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд өдөр тутмынхаа тулгамдсан асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэх, шийдвэрийн үр нөлөө, хүчин чадлыг дээшлүүлэх эрхтэй болсныг олгосон байна.
Мөн энэхүү хуульд баг, сум, аймаг, хороо, дүүргийн эрх мэдэл, чиг үүргийг маш нарийн тусгахын зэрэгцээ ИТХ-ын төлөөлөгчдийн эрх, үүрэг тодорхой зааснаар аливаа нэг асуудлыг хариуцах эзэнтэй болж байгаа юм. Мөн хамгийн олон хамаатантай хүн багийн дарга болчихдог асуудал хөдөө орон нутагт их гардаг. Эл байдлыг залруулах заалт оржээ. Тухайлбал, сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан. Үүний үр дүнд намын гишүүнчлэлээр дарга болдог явдлыг таслан зогсоож, иргэдэд тэгш хүртээмжтэй байх бололцоог бүрдүүлсэн.
Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батжаргал
Эх сурвалж: