Б.Алтантуяа:
Үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар жагсаж, цуглана гэдэг эрх ямба, тансаглал биш ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ
3 мин унших

Улс орнууд зогсолтгүй урагшилж, техник технологийн өөрчлөлт хүний төсөөллөөс ч давж, ШУ-ны салбар бүрт амжилт гарч хүн төрөлхтөн гайхамшигт улам ойртсон мэт. Гэхдээ сайн сайхны төлөө” салбар бүр амсхийх завгүй тэмүүлж буй энэ үед, хөгжлийн төв нь болох хүний эрх, эрх чөлөө л нэг алхам урагшилж, хоёр алхам ухарсаар. Гарч байгаа ухралт нь ахиц дэвшлээсээ илүү их, илүү өргөн хүрээтэй байгаа нь санаа зовиноож байна. Засгийн газрууд улс төрийн өрсөлдөгчдөө нухчин дарах, улс төрийн өрсөлдөгчид хийгээд хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн идэвхитнүүдийг дур мэдэн баривчлах, үзэл бодлоо илэрхийлсэн жагсагчдын эсрэг хууль бусаар цэрэг цагдаагийн хүчийг хэтрүүлэн хэрэглэх, цахим болон цахим бус орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг аль болох хумих алхамуудыг шат дараатайгаар хийсээр, ингэхдээ техник технологийн шинэчлэлийг зүй бусаар ашиглаж байгаа жишээ олон.
Байгаль орчны доройтлыг үл тоомсорлосон, тэгш бус байдлыг гааруулсан эдийн засгийн хувиарлалт, зөвхөн эдийн засгийн өсөлтийн араас хөөсөн бодлогууд нь хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрүүл мэнд, хоол хүнс гээд наад захын суурь эрхүүдийг зөрчиж, доройтуулж байгаагаас нөлөөлөлд өртөгсөд болон ялгаварлагдсан гадуурхагдсан бүлгүүдийг эсэргүүцэл тэмцэл гаргахаас аргагүйд хүргэж, ийм тэмцэл сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж байна.
Товчхондоо Хүний эрхийн түгээмэл тунхаглалын ихэнх зүйл заалтууд дэлхийн өнцөг булан бүрт зөрчигдсөөр байна.
УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, тус хуулийг хэрэгжүүлэх механизмыг байгуулсан нь Ази тивдээ анхдагч болж, Монгол улс хүний эрх хамгаалагчийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч түүхэнд тэмдэглэгдэх чухал дэвшил гаргасан.
Мөн ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтыг ил тод, олон нийтийн оролцоотой болгож, нэр дэвшигчдийн томилгооны сонсголыг хийн, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмуудыг байгуулсан гээд хүний эрхийг хамгаалах тогтолцоонд томоохон ахиц ч гараад буй. Эрх баригч нам хүний эрхэд суурилсан бодлого хэрэгжүүлэхээ тунхаглаж, ЗГХЭГ-ын дэргэд Хүний эрхийг Хангах Үндэсний Хороо байгуулж, Бизнес ба Хүний эрхийн чиглэлээр 2023-2027 онд хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг баталсан зэрэг нааштай алхам олныг хийснийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Хэдийгээр дээр дурдсан нааштай өөрчлөлтүүдийг хийсэн ч гаргасан алдаа, ухралт нь илүү их хор уршигтайбайна. Жишээлбэл, 2015онд Хуультогтоомжийнчанар үр нөлөөгдээшлүүлэх,хуультогтоох явцад иргэдийн оролцоог бататгах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан хэдий ч хэрэгжүүлэх нь бүү хэл дордуулсан өөрчлөлтүүд хийн “хуулийн хонгил” бий болгосон. Ингэснээр хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхэд ухралт болж иргэдийн оролцоо, иргэний орон зайг хумьсан нь хүний эрхэд халтай, ялгаварлал, тэгш бус байдлыг өөгшүүлсэн хуулиуд гаргахад хүргэсэн. Тухайлбал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай (хожим хүчингүй болгосон), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Ашигт малтмалын тухай, Нийслэл улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиудыг батлан хэрэгжүүлэх болсон. Манай улсад сонгуулийн жилд сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө шүүх, цагдаад дуудах үзэгдэл олширч, гомдол нэхэмжлэлийн тоо нь огцом өсдөг, цахимд үзэл бодлоо нийтэлсэн иргэд, хүний эрхийн идэвхитнүүдийг хуулиар далайлган гомдол, нэхэмжлэлээ эрүүгийн журмаар давхар өгч залхаан цээрлүүлдэг жишиг тогтоод удаж буй.

Улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн томоохон төсөл хөтөлбөрүүдийн байгаль орчин, хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг бодитой хийхгүй, судалгаа, дүн шинжилгээний мэдээлэл нь бүрэн бус, хаалттай, “улсын нууц” гэдгээр халхавчлан нууж хяналтгүй хэрэгжүүлж байгаа нь иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа билээ. Энэ талаарх мэдээлэл шаардсан иргэнийг хөгжлийн төсөл хөтөлбөрт саад учруулсан хэмээн үзэж эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг, хянадаг болсон нь хүний эрхийг хангах чиглэлд гарч буй ноцтой ухралт юм.
Бид юу хийвэл ...
Монгол Улс хүний эрхийг хангахад гаргаж байгаа ахиц дэвшлээ ямагт бататгаж, ухардаггүй, урагшилдаг байх ёстой. Мөн хүний эрхийг хэтрүүлэн зүй бусаар хязгаарлах үр дагавартай хуулийн заалтуудыг хүчингүй болгож, шинээр батлахгүй байх, тийм хуулийн төслүүд өргөн баригдаж байгаад үнэлгээ шинжилгээ хийн, засаж залруулах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Нөгөө талаар гаргасан хуулийн хэрэгжилтийг хангуулдаг байх нь чухал.

