Д.Энхжин:
Бэлгийн боловсрол бол хориглох биш, харин буруу сонголтоос хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай юм
5 мин унших

Өсвөр насныхан бэлгийн боловсрол тэр дундаа, бэлгийн бойжилт, үерхэл нөхөрлөл, бэлгийн харилцаа, өөрийн үнэ цэн зэргийн талаар аав ээжээсээ асууж ярилцахаас ичиж эмээдэг мөн ЯАГААД гэсэн асуултад хариулт хайсан олон асуудалтай нүүр тулдаг.
Томчуудын олонх нь үүнд тохирсон хариулт өгөх бэлтгэлгүйгээсээ болоод “ХОРИГЛОСОН” шүүмжилсэн, зайлсхийсэн үгээр хариу барих нь түгээмэл байгаа нь нууц биш. Энэ нь зарим талаараа хүүхдүүд бэлгийн боловсролын талаарх мэдээллийг найз нөхдөөсөө, интернет орчноос голлон авах хүчин зүйл болдог. Өсвөр насныхан бэлгийн боловсролыг хаанаас авах хэрэгтэй вэ? гэдэг асуулгаар Сингапур улсад 2016-2020 онд 7209 хүүхдүүдийг хамруулсан судалгаа хийгдсэн байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 79% нь эцэг эх энэ боловсролыг бидэнд олгох хэрэгтэй гэсэн хариултыг өгсөн байна. Гэтэл нийт хүүхдүүдийн ердөө 15% нь л эцэг эхээсээ энэ талаар боловсролыг авсан гэсэн судалгааны үр дүн гарч ирсэн. Хүүхдүүд энэ талаар эцэг эхээсээ асууж ярилцмаар байдаг хэрнээ бодит байдал дээр төдийлөн биелэхгүй байгаагийн цаана ямар асуудал бэрхшээл байна вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Иймээс бэлгийн боловсролыг эцэг, эхчүүд хүүхэддээ хэлж чаддаг байх, цаашлаад хүүхдүүдэд энэ талын ҮНЭН, ЗӨВ мэдээллийг хүргэх хэрэгцээ шаардлага их байна гэдэгтэй олон эцэг эхчүүд санал нийлэх болов уу. Энэхүү хэрэгцээ шаардлагад туслах өсвөр насныханд зориулсан АМЬДРАЛ, ХАЙР, БЭЛГИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ үнэн бодитой мэдлэг боловсрол олгох хөтөлбөрийг сүүлийн 10 жилийн хугацаанд бид түгээн дэлгэрүүлсээр байна.
ЯАГААД… гэдэгтээ хариулт авсан хүүхэд, аливаа сонголт шийдвэрийг илүү оновчтой гаргаж чаддаг. Дээрх чухал асуултын ХАРИУЛТ өсвөр насны хүүхдэд зориулсан "АЮУЛГҮЙ СОНГОЛТ" олон улсын сургалтын хөтөлбөрт багтдаг гэж хэлж болно.
1996 онд олон улсад амжилттай хэрэгжиж эхэлсэн тус сургалтыг, Focus on the Family Mongolia- Гэр Бүл Анхаарлын Төвд байгууллагаас манай улсад 2016 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байна. Тайвань, Сингапур, Малайз, Индонез зэрэг дэлхийн олон орны 3,8 сая орчим өсвөр насныхан “АЮУЛГҮЙ СОНГОЛТ” сургалтад хамрагджээ. Харин манай улсад Говьсүмбэр, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймгийн 18,500 гаруй хүүхдүүд энэхүү сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтыг заах албан ёсны эрх бүхий 500 гаруй багш нар аймаг дүүргүүдэд бэлтгэгдээд байгаа чамлахааргүй амжилт байна.

“Аюулгүй сонголт” сургалт нь өсвөр үеийнхэнд зан чанарт тулгуурлан хувь хүний үнэ цэнээ ойлгох, зорилгоо тодорхойлох, сайн зан чанарыг төлөвшүүлэх, мэдээллийн хэрэгслийг хэрхэн зөв ашиглах, эрсдэлтэй зан үйлээс татгалзах, үерхэл нөхөрлөлийн эрүүл харилцааны үе шатад суралцахад чухал нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгож, ирээдүйд хариуцлагатай тогтвортой гэр бүл бий болгоход бэлтгэж буйгаараа ҮНЭХЭЭРИЙН ЧУХАЛ ҮР НӨЛӨӨТЭЙ сургалт юм.
Товчхондоо бэлгийн боловсролыг зөвхөн эрүүл мэндийн боловсролоор хязгаарлахгүй илүү өргөн хүрээнд ХАРИЛЦАА, ЗАН ЧАНАР, ХАНДЛАГА дээр тулгуурлан цогцоор нь олгож чаддаг гэдгээрээ онцлог хөтөлбөр юм. Дөрвөн бүлэг бүхий агуулгын хүрээнд нэг өдрөөр хөгжилтэй, энгийн, сонирхолтой, практик хэлбэрээр заадаг тул хүүхдүүд уйдах завдалгүйгээр сургалтандаа оролцдог. Сургалтаар порнографын хор уршиг, эрсдлийг үнэн зөвөөр тайлбарлах, үүнд уруу татагдахгүй байх боломжууд байдгийг хүүдүүдэд хэлж өгдөг. Үерхлийн харилцаанд ямар хил, зааг тогтоох нь зохистой вэ? архи, тамхи, мансууруулах бодис, БЗХӨ, жирэмслэлт, үр хөндөлтийн эрсдэл, үр дагаврын талаар тайлбарлаж өгдөг. Өөртөө итгэлтэй, үнэ цэнээ мэддэг хүүхдүүд ирээдүйд янз бүрийн эрсдэл, уруу таталтад бага ордог. Өсвөр насандаа өөрийнхөө ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийн төлөө сурч хөгжихөд чухал цагаа зарцуулах хамгийн тохиромжтой цаг үе гэдгийг хүүхдүүд, өсвөрийнхөнд таниулдаг.
Багш нар сургалтын төгсгөлд хүүхдүүдэд хандаж сургалтаас сурч ойлгосон зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж, үерхлээс гэрлэх хүртлээ харилцааны зөв үе шатанд байгаарай гэдэг шийдвэрт уриалдаг. Энэхүү шийдвэрийг манай сургалтад суусан нийт хүүхдүүдийн 84,4% нь гаргасан. Малайз улсад 2003 онд "Аюулгүй сонголт" сургалтад сууж шийдвэр гаргасан 1680 хүүхдээс 2010 онд буюу 7 жилийн дараа судалгаа авахад 92 хувь нь өөрсдийн гаргасан амлалт шийдвэрээ сахиж байгаа гэсэн маш ЭЕРЭГ ҮР ДҮН гарсан байдаг. Үүнээс харахад хүүхдүүд өөрийнхөө төлөө ямар нэг шийдвэр гаргаж үүндээ хүрэх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
Манай улсад жил бүр 4000 орчим өсвөр насны хүүхэд жирэмсэлж нийт төрөлтийн 5 орчим хувийг эзэлж байна. Жилд дунджаар 600-700 өсвөр насны хүүхэд үр хөндөлт хийлгэж байгаа нь нийт үр хөндөлтийн 5 орчим хувийг эзлэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 40 гаран хувь нь 15-24 насны өсвөр насныхан, залуучууд байна. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо баримт бөгөөд бүртгэгдээгүй бидний мэдэхгүй үүнээс ч их тоо байх боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй байх. Үүнийг сонсоод, мэдээллээд өнгөрөх бус, өсвөр үеийн хүүхдүүдээ хамгаалах, ирээдүйн ТОГТВОРТОЙ САЙН ГЭР БҮЛИЙГ бүтээхэд хувь нэмрээ оруулан манай байгууллага “Аюулгүй Сонголт” хөтөлбөрөө улам олон өсвөр залуучуудад хүрч хэрэгжүүлэхийг хүсч зорьж байна. Бид жилд 3000-4000 хүүхдийг сургалтандаа хамруулах зорилготойгоор ажилладаг. Өнгөрсөн хугацаанд улсын болон хувийн сургуулиуд, эцэг эхийн зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, хувь хүмүүстэй хамтран тэдний санал санаачлага мөн “АЮУЛГҮЙ СОНГОЛТ” хөтөлбөрөөр бэлтгэгдсэн нийт багш нарынхаа дэмжлэгтэйгээр өсвөр залуучуудад бодит сайн нөлөөллийг хэрэгжүүлж ирсэн.
Бидний 10 жил тасралтгүй явуулж буй тус хөтөлбөрийг нийгмийн олон талын салбарууд өргөн, цар хүрээнд бодлогоор дэмжээсэй гэж боддог. Улс, нийслэл, аймаг, сум, дүүргийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, сургуулийн удирдлагууд, цаашлаад эцэг эхчүүд, манай улсын ирээдүй болсон өсвөр залуучуудын төлөө санаа тавих чин эрмэлзлэлтэй хүн бүр МАНЛАЙЛАН оролцох байдлаар энэхүү үнэ цэнтэй хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцох бүрэн боломжтой. Мөн эцэг, эхчүүд маань өөрсдөө бэлгийн боловсролын талаар хүүхдүүддээ зөв, мэдлэг мэдээллийг оновчтой аргуудаа хүргэж чаддаг байх нь чухал бөгөөд үүнд туслах зорилгоор бид эцэг эхчүүдэд зориулсан “Чухал яриа” сургалт, “Аюулгүй сонголт” хөтөлбөрийн “Багш бэлтгэх” сургалтыг тогтмол зохион байгуулдаг.
Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын төлөө санаа тавьж, тэдний ирээдүйн амьдралын чанарт хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзлэлтэй хүн бүртэй бид хамтран ажиллахад нээлттэй байна. Дүгнэж хэлэхэд бэлгийн боловсрол бол хориглох биш, харин буруу сонголтоос ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ тухай юм.

