#Эксперт4 мин унших

Б.Баярбаатар:

Хуулиар биш, төлөвшлөөр ёс зүй тогтоно!

Хуулиар биш, төлөвшлөөр ёс зүй тогтоно!

Нийгэмд ёс зүйг хуульчлах нь зөв үү, буруу юу? Энэ талаарх мэтгэлцээн их өрнөж байна. Миний хувьд энэ талаар судлаж, олон жил ярьж байсан хүний хувьд “ёс зүйг хуульчлах боломжгүй” гэж үздэг.

Өнөөдөр Монгол Улсад УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, ёс зүйн асуудлыг зохицуулсан хэд хэдэн хууль, дүрэм үйлчилж байна. Үүнд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-ын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэг багтдаг. Гэвч эдгээр зохицуулалт нь нийгмийн хүлээлтэд бүрэн нийцэж чадахгүй, сахилга хариуцлага сул байна гэсэн шүүмжлэл өргөн хүрээнд гарсаар байна.

Өнөөгийн мөрдөж буй ёс зүйн хариуцлагын арга хэмжээ харьцангуй хөнгөнд тооцогддог. Тухайлбал, сануулах, уучлалт гуйхыг шаардах, цалингийн 20 хүртэл хувийг зургаан сар хүртэл хугацаанд хасах зэрэг гурван төрлийн л арга хэмжээ бий. Олон нийтийн зүгээс эдгээрийг бодит сахилгын шийтгэл гэж үзэхгүй байх нь түгээмэл. Гэхдээ нөгөө талаас, ёс зүйн хариуцлага нь гаднаас хөнгөн мэт харагдавч тухайн хувь хүндээ нэр хүнд, итгэлцэлтэй холбоотойгоор хүнд тусдаг онцлогтой.

Энд нэг чухал асуудал гарч ирдэг нь ёс зүй ба ёс суртахууны ялгаа юм. Ёс зүй бол хэм хэмжээ, мэргэжил, албан тушаалтай холбоотой дүрэм журам байдаг. Харин ёс суртахуун нь хувь хүний төлөвшил, гэр бүл, боловсрол, нийгмийн орчноос бүрэлдэн тогтдог илүү гүнзгий ойлголт юм.

Иймээс зарим асуудлыг ёс зүйн зөрчил гэж үзэх нь оновчгүй. Тухайлбал, тодорхой улстөрчтэй холбоотой маргаан нь ёс суртахууны асуудал байж болохоос биш заавал дүрэм журмаар хэмжигдэх ёс зүйн зөрчил биш байж болно. Ёс зүйг хэт хуульчлах оролдлого нь өөрөө өрөөсгөл ойлголтод хүргэх эрсдэлтэй. Миний хувьд ёс зүйг хуульчлахын эсрэг байр суурьтай байдаг. Ёс зүйн зөрчлийг зүйрлэвэл барьж болдоггүй, тодорхой хэмжүүрт багтаахад бэрх “мөнгөн ус” шиг гэж хэлж болно.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд парламентын бүрэлдэхүүнд гарсан өөрчлөлт ч анхаарал татдаг. 1992 оны парламентын гишүүдийн 5 хүрэхгүй хувь нь бизнесийн салбарын төлөөлөл байсан бол 2020 он гэхэд энэ тоо 90 хувьд хүрсэн байна.

Хуулиар биш, төлөвшлөөр ёс зүй тогтоно!

Эндээс харахад УИХ-ын гишүүдийн хаана, хэн бэлтгэж байгаа юм.  Намд илүү хандив өгсөн, бизнесийн төлөөллийг парламентад оруулаад байх нь зөв үү, буруу юу ? Тэдний төлөөллийг шат, шатны  иргэдийн хуралд нэр дэвшүүлээдявах уу.. гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Гэхдээ асуудлыг зөвхөн хувь улстөрчид рүү чиглүүлэх бус, улс төрийн намын тогтолцоог сууриар нь авч үзэх шаардлагатай. Парламент нь намын тогтолцоонд тулгуурладаг учраас намууд өөрсдөө ил тод, нээлттэй, шударга, институцчилэгдсэн байх нь чухал юм. Намын төлөвшил сул байвал парламентын чанар дагаад сулрах нь гарцаагүй.

Өнөөдөр ёс суртахууны доройтол нийгмийн бүх түвшинд ажиглагдаж байна. Үүнийг зөвхөн хууль, дүрмээр шийдэх боломжгүй. Харин соён гэгээрүүлэх ажлыг боловсрол, урлаг соёл, нийгмийн оролцоо зэрэг олон талт арга замаар өргөн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай.

Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгах, тэр дундаа эгүүлэн татах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Гэвч энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Үндсэндээ “эгүүлэн татах” эрх нь зөвхөн тухайн гишүүнийг сонгосон сонгогчдод байх ёстойгоос биш парламент өөрөө эсвэл бусад институц энэ эрхийг хэрэгжүүлэх нь парламентын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Хэрэв ийм зохицуулалтыг буруу хэрэглэвэл парламентын гишүүдийг дуугүй, хараат байдалд оруулж, улмаар ардчиллын зарчимд сөргөөр нөлөөлөх аюултай. Энэ нь цаашлаад дарангуйллын шинжтэй тогтолцоог бэхжүүлэх эрсдэлийг ч дагуулж мэднэ.

Нөгөө талаас, улс төрчдийг бэлтгэх тогтолцоо сул байна. Намд их хэмжээний хандив өгсөн, бизнесийн ашиг сонирхолтой хүмүүсийг нэр дэвшүүлэх хандлага давамгайлж байгаа нь зөв эсэх асуудал ч тавигдаж байна.  Германы социологич Макс Вебер улс төрч хүнийг улс төрөөр амьдралаа залгуулдаг, улс төрд амьдралаа зориулдаг улс төрч гэж  хоёр ангилдаг гэж хэлсэн байдаг. Хэрэв парламентын гишүүдийн дийлэнх нь нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг, улс төрд үнэнч хүмүүс байж чадвал батлагдах хууль нь ч шударга, үндэсний эрх ашгийг хамгаалсан байх боломж нэмэгдэнэ.

Эсрэгээрээ, цөөнхийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалсан хууль давамгайлбал шударга бус байдал гүнзгийрч, авлигын ойлголт улам бэхжих эрсдэлтэй.

Хуулиар биш, төлөвшлөөр ёс зүй тогтоно!

Эцэст нь, өнөөгийн нийгэмд үүсээд буй ёс зүй, ёс суртахууны асуудлыг шийдвэрлэхэд УИХ-ын гишүүд өөрсдөө манлайлан үлгэрлэх шаардлагатай. Ёс зүйг хэт хуульчлах бус, хариуцлага, ухамсар, төлөвшлийг эрхэмлэсэн улс төрийн соёлыг төлөвшүүлэх нь илүү чухал юм.

Б.Баярбаатар

Монгол Улсын Их Хурлын гишүүн