#Эксперт4 мин унших

Б.Нямжав:

Дахин төлөвлөлтийн процесст иргэний оролцоог хангаж буй хэв шинж хэлбэр төдий л байна!

Дахин төлөвлөлтийн процесст иргэний оролцоог хангаж буй хэв шинж хэлбэр төдий л байна!

Монгол улсад 2015 оноос хойш Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагасан журмуудыг боловсруулаад одоог хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Харин Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 2023 онд шинээр батлагдсан. Тэгэхээр үндсэндээ энэ хоёр хуулийн хүрээнд хот, суурин газрыг дахин төлөвлөх бүх үйл ажиллагаа явагддаг.

Энэ хоёр хуульд нийтлэг хэв шинжүүд бий. Хууль хэрэгжүүлэх явцад хүний эрхийн ямар зөрчлүүд гарч байгаа нь олон нийтийн анхаарлыг маш их татаж байна.

Ер нь өөрийн өмчөө үнэлүүлэхээс дахин төлөвлөлтийн үйл явцад иргэд оролцож эхэлдэг. Төрийн байгууллагууд энэ үйл ажиллагааг явуулахдаа иргэдийн оролцоог яаж хангах юм, өмчийг хэрхэн, ямар журмаар үнэлэх, нөхөн олговрыг хэрхэн олгох, өрхийн үйлдвэрлэл, ААН-ийн үйл ажиллагааны үнэлгээг хэрхэн хийх юм гэдэг асуудлууд өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нөхөн олговрын зохицуулалт тусгагдсан боловч өнөөдрийн зах зээл, эдийн засаг, амьдралынхаа туршид бүтээсэн үнэ цэнийг тодорхойлох хэмжээнд хүрч чадаагүй алдаанууд бий.

Манай улсад 3 төрлөөр дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байна.

  1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа

  2. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, шинээр байгуулах үйл ажиллагаа

  3. Газраараа хувь нийлүүлэх үйл ажиллагаа

Дахин төлөвлөлтийн процесст иргэний оролцоог хангаж буй хэв шинж хэлбэр төдий л байна!

Харин Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульдаа газраараа хувь нийлүүлэх журмыг албан хүчээр оруулж байгаад шийдчихсэн юм уу гэж харагддаг.

Хамгийн эхний үе шат бол дахин төлөвлөлтийг энэ талбай, энэ нэгж дээр хийх шаардлага байгаа эсэхийг иргэдээс тодруулах эхний санал асуулга зайлшгүй хийгдэх ёстой. Гэтэл энэ санал асуулгыг хэрхэн явуулах тодорхой журам өнөөдрийн байдлаар байхгүй. Саналын хуудас ямар загвартай, саналын хайрцгийн аюулгүй байдал болон нууцлалыг хэн хангах, биеэр ирэх боломжгүй иргэдээс очиж саналын хуудас авах эсэх, эсвэл цахим хэлбэрээр санал өгөх зэрэг заавал байх ёстой зохицуулалт аль ч хууль, журамд тусгагдаагүй.

Уг нь иргэдээс амьдрах орчноо сайжруулах уу гээд асуухаар бүгд зөвшөөрдөг. Энэ агуулгаар төрөөс явуулж байгаа үйл ажиллагааг ямар ч эргэлзээгүйгээр зөвшөөрдөг гэсэн үг. Үүнийг  нь баталгаажуулан ИТХ-ын шийдвэр, Засаг даргын захирамж гарч, иргэд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслийг дэмжиж байна гэдэг эхний шийдвэр гардаг процесстой. Харин төрийн байгууллагын зүгээс ийн санал авснаа иргэдийн оролцоог хангачихлаа гэж үздэг.

Захиргааны ерөнхий хууль, олон улсын гэрээ конвенцод зааснаар нүүлгэн шилжүүлэлтийн олон улсын стандарт зарчмууд буюу иргэдэд мэдээллийг хангалттай өгөх, бодох хугацаа гаргах, иргэд хоорондоо зөвшилцөх боломж өгөх, сайтар судалсны үндсэн дээр хэлцэлд орох эрхийг төр огт хангаж чаддаггүй. Энэ үйл явцыг олон улсад нэг жилээс доошгүй хугацаагаар төлөвлөхийг шаарддаг бол манайд 7 хоногоос 3 сарын дотор тулгаж шийдвэр гаргаад иргэдээс хурдан нүүхийг шахаж шаарддаг.

Зөвшөөрөхгүй бол төрийн ажилд саад боллоо гэж загнадаг ч удаа байгаа.

Судлаач хүний хувьд хэлэхэд Монгол Улсад төрийн үйл ажиллагаа сонгуулиас сонгуулийн хооронд л яваад байдаг хэв шинжтэй, бодлогын залгамж чанар, уялдаа холбоогүйгээс алдаатай шийдвэрүүд гардаг гэж үздэг.

Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нийт иргэдийн 75%-ийг төлөөлж чадахуйц ашгийн төлөө бус хуулийн этгээд байгуулах тухай заасан байдаг. Харин бодит байдал ингэж байгуулагдсан иргэдийн төлөөллийн байгууллага гарын 5 хуруунд багтахтай үгүйтэй цөөн байна. Энэ нь төслийн бэлтгэл үе шатад зайлшгүй хийгдэх ёстой ажил бөгөөд иргэний оролцоог хангах, дуу хоолойг нь сонсох, бусдыгаа төлөөлөх эрхийг нь хангасан үйл ажиллагаа боловч бодит байдал дээр бараг хэрэгждэггүй гэсэн үг.

Орон сууц өмчлөгч Хяналтын хороонд гишүүнээр орлоо гэхэд иргэдийг төлөөлж илэрхийлсэн эрх ашгийг нь авч үзэж байна уу гэвэл үгүй. Бодит жишээг дурдъя. Хяналтын хороонд иргэдийг төлөөлж гишүүнээр орсон эмэгтэй манай иргэд төсөлд шалгарсан компанийг хүлээн зөвшөөрөхгүй байна, санхүүгийн хувьд найдваргүй, туршлага сул байна гэдэг саналыг хэлэхэд хяналтын хорооны гишүүн төрийн байгууллагын албан хаагчид хариуд нь чи гарын үсэг зурсан эсэхээс үл хамаараад бид шийдвэрээ гаргаад явна гэж хэлсэн байгаа юм.

Тэр эмэгтэй компанийг гарын үсэг зураагүйнхээ төлөө хамгийн сүүлд гэрээ байгуулж, нэг ёсондоо төрийн болоод компанийн хавчлага, шахалтад өртсөн тохиолдол байна. Иргэдээ төлөөлж дуу хоолойгоо өргөсөн хүмүүс өөрсдөө хохирдог үнэн дүр төрх энэ. Тэгэхээр манай улсын дахин төлөвлөлтийн процесст иргэний оролцоог бодитоор хангаж буй хэв шинж байхгүй. Үүнийг хуулиар зохицуулсан заалт ганц нэгхэн. Хэлбэр төдий л хэрэгждэг.

Учир нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд төслийн үйл явцыг зогсоох, иргэдийн оролцоог хангах хангалттай хугацаа гаргах, алдаатай шийдвэр гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх механизмын талаарх зохицуулалтгүй эсвэл зохицуулалт тодорхойгүй хэвээр л байна.

Б.Нямжав

Захирал