#Эксперт3 мин унших
Н.Батзориг:
Н.Батзориг: Ёс зүйг хатуу хуульчилдаггүй, нэн тэргүүнд шийдэх асуудал энэ биш!

УИХ-ын гишүүн нь үндсэндээ гурван чиг үүрэгтэй. Үүнд хууль батлах, Засгийн газар, шүүх, Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөн иргэдийг төлөөлөх үүрэг багтдаг. Эдгээрээс төлөөлөх чиг үүрэг нь хамгийн чухалд тооцогддог. Учир нь гишүүд иргэдийн дуу хоолойг парламентад хүргэж, тухайн тойрог болон улс орны эрх ашгийг хамгаалсан хууль санаачилж, хэлэлцүүлж, батлуулах үүрэг хүлээдэг.
Гэвч өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Зарим гишүүдийн зүй бус үйлдэл, маргаан, үл зохистой зан байдал нь иргэдийн итгэлийг алдагдуулж, “гишүүнийг эгүүлэн татах” тухай асуудлыг идэвхтэй хөндөхөд хүргээд байна. Энэ нь парламентын институцийн нэр хүндтэй шууд холбоотой чухал асуудал юм.
Гэсэн хэдий ч ёс зүйн асуудлыг шууд хуульчлах нь оновчтой шийдэл мөн үү гэдэг дээр эргэлзээ бий. Судлаачийн хувьд би үүний эсрэг байр суурьтай байдаг. Ёс зүй бол өргөн хүрээтэй, олон талт ойлголт бөгөөд хэт ерөнхий шинжтэй учир нарийн хуульчлахад хүндрэлтэй. Олон улсын туршлагаас харахад ийм асуудлыг хатуу хуулиар зохицуулахаас илүү улс төрийн намуудын дотоод ардчилал, хариуцлагын тогтолцоонд тулгуурлан шийдвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал, намууд өөрсдийн гишүүдийн ёс зүйн асуудлыг дотооддоо хэлэлцэж, ёс зүйн дэд хороогоороо дамжуулан шийдвэрлэж, шаардлагатай бол парламентын түвшинд асуудлыг тавьдаг жишиг түгээмэл бий.
Монгол Улсын хувьд ч энэ чиглэл рүү шилжих шаардлагатай. Гишүүдийн ёс зүйн асуудлыг парламентаас гадуур бус, харин парламент дотроо, ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо мөн улс төрийн намууд дотооддоо намын дүрмийн хүрээнд хариуцлагатайгаар шийдвэрлэх нь илүү оновчтой шийдэл.

Шийдвэрлэх асуудлыг эрэмбэлбэл эхэнд биш сүүлд нь ёс зүй орно!
Нөгөөтээгүүр, нийгмийн бодит хэрэгцээг авч үзвэл иргэдийн өмнө тулгамдаж буй шийдвэрлэх олон асуудлууд байна. Үнийн өсөлт, инфляц, бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл, ядуурал, авлигал зэрэг нийгэм-эдийн засгийн шинжтэй асуудлууд хамгийн их байгаа. Иргэдийн зүгээс ч төр, засгаас эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсдэг.
Гэтэл улс төрийн хүрээнд үүнээс өөр, илүү системийн болон улс төрийн шинжтэй асуудлуудыг түлхүү хэлэлцэж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. Улмаар иргэдийн төрдөө итгэх итгэл алсарч буй нь үүнтэй холбоотой. Тиймээс бодлогын асуудлуудыг эрэмбэлэх шаардлага зайлшгүй тулгарч байна.
Хэрэв шийдэх асуудлуудыг ач холбогдлоор нь жагсаавал, УИХ-ын гишүүдийн ёс зүй, эгүүлэн татах асуудал нь нэн тэргүүнийх биш, хамгийн сүүлд байж болно. Харин иргэдийн амьдралд шууд нөлөөлж буй эдийн засгийн хүндрэлүүдийг эхний ээлжид шийдвэрлэх нь илүү чухал.
Эцэст нь хэлэхэд, ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон төлөөлөгчид нэн тэргүүнд иргэдийнхээ бодит хэрэгцээ, сайн сайхан байдал, амьдралын чанарт анхаарч ажиллах ёстой. Харин ёс зүйн асуудлыг мэргэжлийн болон дотоод зохицуулалтын хүрээнд, олон улсын жишигт нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй юм.

