#Эксперт2 мин унших
Н.Мандуул:
Төр дахин төлөвлөлтийн бүсчлэлийг нь тодорхойлж, дэд бүтцээр хангахад л Улаанбаатар хот ухаалгаар тэлнэ

Улаанбаатар хотын тэлэх үйл явц газар доорх дэд бүтцээ дагадаг.
Өмнөх жилүүдэд энэ тэлэлт урагш, зүүн, баруун тал руугаа чиглээд хойд хэсгийг орхигдуулсан.
Чингэлтэй дүүрэг хотын төвдөө хамгийн ойр мөртөө хүн амын 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ дэд бүтэц хөгжөөгүйтэй шууд холбоотой. Салхин дээр, харууц сайтай, хамгийн өндөр үнэтэй байх газар гэтэл энэ.
Эрчим хүч, дулаан нь Улаанбаатар хотын №1 асуудал. Тодорхой байршуудад барилга барих гэхээр техникийн нөхцөлөө авч чадахгүйд хүрдэг. Үүнээс улбаалж үйлдвэр, орон сууцны бүтээн байгуулалтууд өрнөх боломжгүй болчихоод байгаа.
Мөн төвлөрсөн том цэвэрлэх байгууламж, цахилгаан станцтай, энэ эх үүсвэрээс хэдэн зуун км-ийн зайд шугам татсан ч нөөц барагдана.
Иймд тархмал дэд бүтэц буюу тухайн орчмыг хангасан цахилгаан болон дулаанаа бий болгох эх үүсвэртэй болох нь чухал. Ингэснээр тархмал эх үүсвэрээс татсан шугамууд хот тэлэлтийн шинэ боломжийг бий болгох юм.
Аж ахуйн нэгжүүддээ үйлдвэржилтийг явуулахад шаардлагатай дэд бүтэц бэлдэж өгөх нь төрийн үүрэг.
Үүний тод илрэл нь Сэлбэ станцыг түшиглэн орон сууцны хороолол байгуулах төсөл юм. Хоёр жилийн өмнө миний бие Хотын орлогч дарга байхдаа гадны хөрөнгө оруулалтаар нийтдээ 500 сая ам.долларын санхүүгийн эх үүсвэрийг босгож байв. Удахгүй ажлаа өгснөөр уг төслийг Нийслэлийнхэн үргэлжлүүлэн авч яваа. 2027 он эхний ээлжийн орон сууцууд ашиглалтад орох хүлээлттэй байна.
“20 минутын хот” төсөл нь төв шугамаас хамааралгүй, Сэлбэ станцаа түшиглэн баригдсан жишиг хотхон болох зорилготой.
Хот тэлэлт замбараагүй хийгдсэн муу туршлагууд хангалттай бий. Иймд дээрх төслийг амжилттай хэрэгжүүлж гэмээ нь хот төлөвлөх тухай цаашид ярих боломжтой болно.
Төрөөс газар чөлөөлөлт болон дэд бүтцийг нь шийдэж өгөхөд л хувийн хэвшлүүд үйлдвэр, үйлчилгээгээ бий болгоод явчих бүрэн боломжтой гэж хардаг. Төр орон сууц барих шаардлагагүй.

