#Эксперт5 мин унших
Г.Ундрам:
Г.УНДРАМ: ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА "GENTRIFICATION": ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ ХОТЫН ИРЭЭДҮЙГ ХААШАА ХӨТЛӨХ ВЭ?

Одоохон...
#Эксперт5 мин унших
Г.Ундрам:

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэрийдлээр олон жил хэрэгжиж буй "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн хамгийн эмзэг, хамгийн ихээр хүний эрх зөрчигддөг цэг нь газар албадан хураах, чөлөөлөх үйл ажиллагаа болоод байна. Хот тэлэх, шинэчлэгдэхтэй холбоотой дахин төлөвлөх, дахин сайжруулах нь зүй ёсны хэрэг ч энэхүү үйл явц нь иргэдийнхээ эд хөрөнгө, амьдрах итгэл рүү халдаж, гудамжинд хөөж гаргах замаар хэрэгжих ёсгүй юм.
ХОТЫН ХӨГЖИЛ ИРГЭНЭЭ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГАХААС БИШ, ИРГЭНИЙХЭЭ АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ. НӨХӨН ОЛГОВОР НЬ ТУХАЙН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ӨМНӨХӨӨС НЬ ДОРДУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХАМГИЙН АНХДАГЧ ШАЛГУУР БАЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛООД БАЙНА.
Г.Ундрам (Сөүлийн Үндэсний Их Сургуулийн докторант)
Төр болон хувийн хэвшлийнхэн иргэдийн өмчилсөн газрыг зөвхөн "барилга барих хоосон талбай, ашиг хийх боломж" мэтээр хардаг нь хамгийн том алдаа. Тухайн газар дээр тухайн гэр бүлийн олон жилийн хөдөлмөр, амьжиргааны эх үүсвэр, бичил бизнесүүд оршин байдаг.
МИНИЙ БИЕ МОНГОЛ УЛСЫН ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИЖ БУЙ ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АСУУДЛЫН ТАЛААР БОДИТ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН СУДАЛГАА ХИЙСЭН БА СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНД, ИРГЭДИЙН “ХӨРӨНГӨ ХӨДӨЛГӨӨНГҮЙ ТҮГЖИГДЭХ НӨЛӨӨ (LOCK-IN EFFECT)” НЬ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ОГЦОМ БУУРУУЛДАГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛОХ НЬ НОТЛОГДООД БУЙ.
(УНДРАМ (2026): СУДАЛГАА БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙГАА БОЛНО)
Мөн дээр дурдсан судалгааны зарим үр дүнд:
ИРГЭДИЙН ТӨР, ЗАСАГТ ИТГЭХ ЕРӨНХИЙ ИТГЭЛ НЬ ТӨРӨӨС ЯВУУЛЖ БУЙ АЛИВАА БОДЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БУЮУ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ДЭМЖИХЭД ШУУД НӨЛӨӨЛДӨГГҮЙ НЬ БАТЛАГДСАН.
ХАРИН ИРГЭД ТУХАЙН БОДЛОГЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨД "ПРОЦЕДУРЫН ШУДАРГА БАЙДАЛ" (PROCEDURAL JUSTICE) ХАМГИЙН ӨНДӨР БӨГӨӨД ШИЙДВЭРЛЭХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ.
(УНДРАМ (2026): СУДАЛГАА БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙГАА БОЛНО)
Иргэд газраа өгөөд түр түрээсэнд гардаг ч, төсөл явахгүй эсхүл барилга ашиглалтад орохгүй олон жил гацах үед тэдний хөрөнгө "амьгүй" болох, өдөр тутмын орлогоо алдах цаашлаад ядууралд гүнзгий нэрвэгдэх зэрэг олон эрсдэлийг дагуулж байна. Энэ нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан зохистой орон байраар хангагдах, өмчтэй байх эрхийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг юм.
Дахин төлөвлөлтийн өнөөгийн үйл ажиллагааны болоод процедурын гацаа нь зөвхөн санхүүжилтэд биш, хууль эрх зүйн болоод үзэл баримтлалын ноцтой мөргөлдөөнд оршиж байна. 2003 оны "Газар өмчлүүлэх тухай хууль" нь иргэнийг өмчлөгч болгож, эдийн засгийн эрх чөлөө олгосон. Гэтэл 2023 онд батлагдсан хуулиар "Тухайн нэгжийн иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл, үлдсэн 30 хувийн газрыг албадан чөлөөлнө" гэх заалт орж ирсэн нь ардчиллын үнэт зүйлсийг гажуудуулж, иргэнийг "Албадлагын объект" болгон хувиргав. Хуулийн төсөл анх өргөн барих үед 65 хувийн саналаар орж ирсэнийг санах нь зүйтэй байх. Олонхын шийдвэрээр цөөнхийн өмчлөх эрхийг шүүхийн болоод хараат бус хяналтгүйгээр шууд хязгаарлах нь иргэдийн төрд итгэх итгэлийг сууриар нь ганхуулж байна.
Бид "ХУРД" нэрийн дор иргэний өмчлөх эрхийг хязгаарлахдаа өндөр хөгжилтэй орнуудын жишгийг хэрхэн гажуудуулж байгааг доорх харьцуулалтаас харж болно. Дэлхийн жишигт газрыг албадан хураахдаа дур мэдэн хувиар (70/30 гэх мэт) түрий барьдаггүй бөгөөд "Шүүхийн хяналт" болон маш өндөр "Зөвшилцлийн стандарт"-ыг хуулийн дагуу чандлан мөрдөж ажилладаг байна.
| Улс орон | Хууль эрх зүйн үндэс ба Албадан хураах босго | Нөхөн олговрын зарчим | Маргаан шийдвэрлэх механизм (Шүүхийн хяналт) |
|---|---|---|---|
| АНУ | Үндсэн хуулийн 5-р нэмэлт өөрчлөлт: Хувь тогтоогоогүй. Зөвхөн "Нийтийн онцгой хэрэгцээ"-нд зориулж чөлөөлнө. Ашгийн зорилгоор албадан чөлөөлөхийг хураахыг хатуу хориглоно. | Тухайн үеийн зах зээлийн бодит үнээр үнэлнэ. | Холбооны болон Мужийн шүүхээр орж, "Нийтийн онцгой хэрэгцээ" мөн эсэхийг заавал нотлох үүрэгтэй. |
| Герман | Үндсэн хуулийн 14-р зүйл: Босго тогтоогоогүй. Нийтийн сайн сайханд зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд л чөлөөлнө. | Бүрэн нөхөн олговор: Газрын үнэ, нүүлгэлт, дахин суурьших олговор, бизнесээ алдсаны эрсдэлийг тооцно. | Захиргааны шүүх хянах бөгөөд иргэний өмчийн эрхийг хүчтэй хамгаална. |
| Япон | Газар албадан авах тухай хууль: Хуулиар заасан босго байхгүй ч, практик дээр иргэдийн 90-95%-тай зөвшилцдөг. | Нүүлгэлтийн зардал, амьжиргааны бүх алдагдлыг нарийвчлан тогтоож олгоно. | “Төв болон орон нутгийн Газрыг албадан чөлөөлөх тусгай трибунал” шийдвэрлэнэ. "Нийтийн онцгой хэрэгцээ" эсэхийг заавал нотлох шаардлагатай. |
| БНСУ | Хот, суурин газрын шинэчлэлийн хууль: Төслийн онцлогоос хамаарч, "Нийтийн онцгой хэрэгцээ"ний төсөл явуулахад чөлөөлнө, ~95% зөвшөөрөл шаарддаг. | Зах зээлийн үнэ дээр нэмээд нүүлгэлтийн зардал болон амьжиргааны тэтгэмж, бизнесээ алдсаны эрсдэлийг тооцно. | “Төв болон орон нутгийн Газрыг албадан чөлөөлөх тусгай трибунал” шийдвэрлэнэ. "Нийтийн онцгой хэрэгцээ" эсэхийг заавал нотлох шаардлагатай. |
| Монгол | Түгжрэл бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль (2023): Тухайн нэгжийн 70% зөвшөөрвөл үлдсэн 30%-ийг шууд албадан хураана. | Төрийн үнэлгээ болон хувийн хэвшлийн компаниудын санал давамгайлна. | Хөндлөнгийн маргаан таслах тусгай механизмгүй. Төрийн захиргааны байгууллага шууд шийдвэрлэх эрсдэлтэй. |
Дээрх харьцуулалтаас харахад өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудад газар албадан чөлөөлөх үйл явц нь хүч түрэмгийлсэн олонхын хувиар бус, харин иргэнийхээ өмчийг дээдэлсэн "Шүүхийн хараат бус хяналт", "Бүрэн нөхөн олговор", "Маргаан таслах хөндлөнгийн механизм" дээр тогтож байна. Гэтэл манай улсын хувьд "70/30" гэх хатуу босгоор далайлгаж, иргэнийг хамгаалах ямар ч хөндлөнгийн механизмгүйгээр, төрийн болон хувийн хэвшлийн санал, давамгайллаар асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа нь олон улсын хүний эрхийн стандартаас илт ухарсан үйлдэл юм.
ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХОТ гэдэг нь тэнгэр баганадсан шилэн барилга, өргөн дардан замаар хэмжигддэггүй. Харин төр иргэнтэйгээ хэрхэн харилцаж, дээр дурдсан процедурын шударга байдлыг хангаж, бодлогын хэрэгжилтэд ИРГЭДЭЭ ОРОЛЦУУЛЖ, тэдний амьдрах хийгээд өмчлөх эрхийг хэрхэн хүндэтгэж байгаагаар хэмжигдэх үнэт зүйл юм.
Бид ХУРД болон БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ гэх гоёмсог үгсийн сүүдэрт иргэдийнхээ ҮНДСЭН ЭРХ болоод ӨМЧЛӨХ ЭРХЭД ноцтойгоор халдаж, албадлагын хуулиар тэднийг эд хөрөнгөнөөс нь салгаж гудамжинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлчихээд, түүнийгээ "ХӨГЖИЛ" хэмээн эндүүрч суугаа юм биш биз?
Энэхүү албадлагын уршгаар олон улсын нэр томьёогоор "Жентрификаци/Gentrification" буюу бага орлоготой, уугуул иргэдийг хотын зах руу түрэх үзэгдэл үүсэж, цаашлаад баян, ядуугийн ялгаа улам гүнзгийрэх ноцтой эрсдэл нүүрлээд байна. Энэхүү асуултын хариуг эрэх нь газар албадан чөлөөлөх өнөөгийн алдаатай бодлогыг хүн бүр дор бүрнээ эргэцүүлэн тунгаах тэр цэгээс эхлэх учиртай.
Figure: Undram(2020)
Нийтлэгч: Ганбаатарын Ундрам
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Докторант / Судлаач