Г.Түвшинжаргал:
Нийслэл дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нэг компанид өгсөн нь асуудлын зангилаа болж байна
3 мин унших

Зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарласнаас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр байгуулах үйл явцад алдаа гарч байна. Учир нь төр иргэдийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийг сонгож, шийдвэр гаргаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл тухайн талбайд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хэд хэдэн компани сонгон шалгаруулалтад оролцож, санал болгож буй төслөө иргэдэд танилцуулах бөгөөд иргэдийн 80 хувийн дэмжлэг авсан төслийг сонгох эрх зүйн зохицуулалттай байтал "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК эсвэл “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК иргэдийн өмнөөс сонголт хийж, иргэдэд өөрийн сонгосон компанийг төсөл хэрэгжүүлэгчээр ажиллана гэж тулгаснаар тэдний сонгох эрхийг зөрчиж байгаа хэрэг. Асуудал эндээс эхлэлтэй.
Иргэд төрийн гаргасан шийдвэрт найдаад, төсөл хэрэгжүүлэх компанийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл компаниуд иргэдэд 10м2-ыг нэмж өгөх санал гарган төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдчихоод төсвийн бололцоогүй нэрээр 3м2 болгон буулгах, 2 өрөө байртай айлд 2 сая, 3 өрөөр байртай айлд 3 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор санал болгож байснаа гэрээ байгуулах үедээ 1 сая болгон бууруулах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнийг тухайн компанид төсөл хэрэгжүүлэх батламж олгосон төрийн байгууллага нь хариуцахгүйгээр үл барам компани, иргэн хоорондын асуудал гээд орхидог.
Оршин суугчдын 80-90 хувь нь тухайн компанийг эсэргүүцэж гарын үсэг зураад очихоор 90 хоногийн дараа цуцалж өгье гэдэг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу Улаанбаатар орон сууцжуулалт компанийн шийдвэрийг эсэргүүцэн өргөдөл гаргаад зөвшөөрөхгүй бол Засаг даргад энэ асуудлаараа гомдол гаргаад хариуг нь авч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх буюу шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа хугацаа юм. Өргөдөл гомдол гаргаж яваад хууль бусаар сонгогдсон компанийн төсөл хэрэгжүүлэх эрх нь цуцлагдсан тохиолдол одоогоор байхгүй. Хэд хэдэн компани төсөл хэрэгжүүлэх эрхтэй эсэх асуудлаар шүүхийн маргаанууд ид өрнөж байна.

Тухайлбал, иргэн Г.Хүрэлсүхийн асуудал дээр жишээ татъя. Тэр хүн яагаад 26-р байранд ганцаараа үлдчихээд, нийгэмд шуналтайгаараа хэлүүлж, дарамтлуулж байна вэ гэхээр компанитай 3 талт гэрээ байгуулаагүйтэй холбоотой. Нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих журмын 4.8-д зөвхөн Засаг даргын захирамжаар батламж авсан этгээд төсөл хэрэгжүүлэх эрхтэй байхаар зохицуулсан байхад "Азийн идэр цамхаг" компани нь Нийслэлийн Засаг даргаас биш "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-иас батламж гэсэн нэртэй бичиг авч уг барилгыг буулгах ажиллагааг эхлүүлсэн. Барилга буулгах зөвшөөрлийг Хот байгуулалт, хотын стандартын газраас олгоогүй байхад тус байрны ханыг нь нураагаад, цонх, шал, фаргүй болгож, үндсэндээ хүн амьдрах нөхцөлгүй болгон бусад айл нүүхээс өөр аргагүй байдалд хүчээр оруулсан нь хууль бус ажиллагаа юм. Энэ тохиолдолд Г.Хүрэлсүхээс бусад орон сууц өмчлөгч иргэд “Азийн идэр цамхаг” компаниас нөхөн олговроо авч чадахгүй, буцаад байрандаа ч орох боломжгүй болж хохирч байна.
Эндээс дүгнэвэл УБОС ХХК-ийн сонгон шалгаруулалтыг иргэд хүлээн зөвшөөрөхгүй, тус компанид итгэхээ больж байна. ЧД-ийн 6-р байр, Бага тойруугийн 29 болон 45-р байрны иргэд тус компанийн сонгон шалгаруулж, батламж гэсэн бичиг өгснийг эсэргүүцэж байгаа жишээг дурдаж болно.
Гурван талт гэрээн дээр төрийг төлөөлж дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцож буй гэх УБОС ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлага огт дурдагдаагүй. Тэгэхээр иргэд итгэхгүй байх нь ч аргагүй юм.
Гэтэл УБОС ХХК нь өөрийгөө манайх төсөл хэрэгжүүлэгч компани гээд иргэдэд яриад яваад байдаг. Тэгвэл өөрөө сонгон шалгаруулалтад орох ёстой юм биш үү гэдэг асуудал ч гарч ирнэ. Өөрөөр хэлбэл НЗД ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр буюу хууль бусаар УБОС ХХК-д төсөл хэрэгжүүлэх эрхийг өгсөн болж таарна. Үүний зэрэгцээ УБОС нь төсөл хэрэгжүүлэх эрхээ батламж нэртэй бичгээр өөр компанид шилжүүлээд байгаа боловч энэ нь “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.14-т “Төсөл хэрэгжүүлэгч нь аймаг, нийслэлийн Засаг даргаас олгогдсон төсөл хэрэгжүүлэх эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж заасныг зөрчиж байна.

