#Эксперт3 мин унших
М.Энхбадрал:
М.Энхбадрал: Ёс зүйн асуудлын шийдэл намын төлөвшил

УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг зөвхөн хувь хүний түвшинд авч үзэх нь хангалтгүй бөгөөд энэ нь улс төрийн намын институцийн чадавхтай салшгүй холбоотой асуудал юм. Улс төрийн нам нь тухайн гишүүнд нэр дэвших эрх олгож, төрийн эрх барих түвшинд хүрэх “хаалгыг нээдэг” гол институц билээ. Иймд гишүүдийн гаргаж буй ёс зүйн зөрчил нь тухайн хүний асуудлаас гадна түүнийг дэвшүүлсэн намын хариуцлагатай шууд холбогдоно.
Хэрэв улс төрийн намд гишүүдээ эгүүлэн татах, хариуцлага тооцох өргөн эрх мэдэл олговол УИХ-ын гишүүд иргэдийг төлөөлөхөөс илүүтэй намдаа үйлчлэх эрсдэл бий. Энэ нь парламентын ардчиллын үндсэн зарчимд харшилна. Тиймээс улс төрийн нам хариуцлагаас зугтахын тулд “эгүүлэн татах” механизмыг ашиглах бус, анхнаасаа хариуцлагатай, ёс зүйтэй нэр дэвшигчийг сонгох үүргээ биелүүлэх ёстой.
Өнөөгийн нөхцөлд улс төрийн намуудын нэр дэвшүүлэх үйл явц хаалттай, ил тод бус, тодорхой шалгуургүй хэвээр байна. Хэн, ямар нөлөөллөөр нэр дэвшиж байгаа нь тодорхойгүй байгаа цагт ёс зүйн асуудал тасрахгүй. Иймд асуудлыг үр дагаварт нь биш, эх үүсвэр дээр нь шийдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, намууд нэр дэвшигчдээ хэрхэн сонгож байгаа, ямар шалгуур тавьж байгаа, тэр нь хэр ил тод вэ гэдгийг шинэ түвшинд гаргах хэрэгтэй.
Нөгөө талаас, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг улс төрийн намын нөлөөнд байлгах нь ноцтой эрсдэл дагуулна. Парламент дотор “олонхын” эсвэл “цөөнхийн” гишүүн гэсэн ялгаатай байдал биш, зөвхөн бүрэн эрхтэй гишүүн гэсэн ойлголт үйлчлэх ёстой. Харин эгүүлэн татах эрхийг намд олговол эрх баригч хүчин цөөнхийн гишүүдэд нөлөөлөх, шахалт үзүүлэх боломж нэмэгдэнэ.
Одоогийн хууль, эрх зүйн хүрээнд шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломж аль хэдийн бий. Ийм нөхцөлд нэмэлт “механик” зохицуулалт хийх нь асуудлыг бодитоор шийдэхгүй, харин улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Ёс зүйн асуудал зөвхөн хувь хүний бус, намын төлөвшлөөс шууд хамааралтай
Ёс зүйг хуулиар албадлагаар биш, институцийн соёл, хариуцлагын тогтолцоогоор бий болгодог.Гишүүд хуралдаа суухдаа “эгүүлэн татагдах вий” гэсэн айдсаар биш, үүргээ ухамсарласан хандлагаар оролцох ёстой. Энэ нь зөвхөн хувь хүний биш, намын төлөвшлийн асуудал юм.

Эцэст нь, улс төрийн намууд нь улс орныг удирдах боловсон хүчнийг бэлтгэдэг гол институц гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Хэрэв намууд дотоод ардчилалгүй, ил тод бус, хариуцлагагүй хэвээр байвал ёс зүйн маргаан тасрахгүй үргэлжилнэ. Харин намууд өөрсдөө шинэчлэгдэж, ил тод, шударга, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлж чадвал гишүүдийн ёс зүйн асуудал аяндаа буурах боломжтой.
“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг шиг улс төрийн нам цэвэр, төлөвшсөн, хариуцлагатай байх нь парламентын ёс зүй, улмаар ардчиллын чанарыг тодорхойлох үндсэн нөхцөл болно.Иймд УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал нь хувь хүнээс давсан намын төлөвшлийн асуудал юм.

