#Эксперт3 мин унших

Э.Саранцэцэг:

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх нь сонгогчдод бий

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх нь сонгогчдод бий

2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд 2024 оны сонгуулиар Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ өөрчлөлт нь төлөөллийн цар хүрээг нэмэгдүүлэх, бодлогын түвшний хэлэлцүүлгийг илүү өргөн болгох зорилготой ч нөгөө талдаа ардчиллын чанар, иргэдийн оролцооны талаар шинэ асуултуудыг дагуулж байна. Үүнийг парламентын шинэ бүтэц ба ардчиллын сорилт гэж харж байна.

Өмнө нь парламентын гишүүд голчлон тойргийн сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалахад төвлөрдөг байсан бол жагсаалтаар сонгогдсон гишүүд илүү бодлого, шийдвэрийн түвшинд ажиллахад анхаарч байна. Энэ нь парламентын үйл ажиллагааг илүү стратегийн, урт хугацааны бодлого руу чиглүүлэх боломж олгож байгаа ч жагсаалтын гишүүдийг намын удирдлагууд тодорхойлж буй нь иргэдийн дунд “бид сонгоогүй” гэх шүүмжлэлийг дагуулж байна. Ардчилсан тогтолцоонд төлөөллийн легитим шинж чанар чухал байдаг тул энэ асуудалд оновчтой тэнцвэр хэрэгтэй.

Мөн УИХ-ын гишүүний ёс зүй хариуцлагын асуудал нэлээн яригдаж, гишүүдийг эгүүлэн татах хуулийг парламент хэлэлцэхээр болоод байна. Миний хувьд манай улсад гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудал ардчилал төлөвшиж байгаа оронд байдаг хэвийн үзэгдэл гэж харж байна.

Зарчмын хувьд Монгол Улс парламентын засаглалтай орон. Энэ тогтолцоонд сонгогчид өөрсдийн төлөөллийг сонгож, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох эрхтэй байдаг. Энэ эрхээ иргэд сонгуулиар эдэлдэг.

Зарим улс оронд гишүүдийг эгүүлэн татах эрхийг хуульчилсан байдаг ч эдгээр нь ихэвчлэн ардчиллын индекс доогуур орнуудад түгээмэл ажиглагддаг.

Түүнчлэн ийм зохицуулалт бодит амьдрал дээр бүрэн хэрэгждэг эсэх нь эргэлзээтэй, зарим тохиолдолд зөвхөн тунхаг төдий байх нь ч бий.

УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх нь сонгогчдод бий

Гэхдээ гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг зөвхөн сонгогчдын идэвх санаачилгад найдаж орхих нь хангалтгүй. Монголын нөхцөлд сонгогчдын ирц, улс төрийн оролцоо, ил тод  мэдээлэлтэй байдал зэрэг нь хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байгаа. Иймээс иргэдийн иргэний боловсролыг дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал. Иргэний боловсрол гэдэг нь ердийн боловсролын түвшнээс ялгаатай бөгөөд хамгийн наад зах нь иргэд зөв сонголт хийхгүй бол ямар үр дагавар гарахыг ойлгодог байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, иргэний боловсрол нь олон нийтийн амьдралд идэвхтэй, хариуцлагатай оролцоход дэмжлэг үзүүлэх ур чадвар, мэдлэг, үнэт зүйлийг хөгжүүлэх үйл явц юм.

Иргэний боловсрол сайтай ард түмэн сонгосон гишүүддээ хариуцлага тооцож чадна.

Хууль эрх зүйн хувьд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг зохицуулсан тодорхой механизм Монголд бий. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, Төрийн албан хаагчийн тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм зэрэг нь тодорхой зохицуулалт хийдэг. Гэвч эдгээрийн хэрэгжилт сул байгаа нь бидэнд тулгамдаж буй асуудал юм.

Парламент бол мэтгэлцээний талбар учраас гишүүдийн хооронд маргаан, ширүүн хэлэлцүүлэг өрнөх нь хэвийн үзэгдэл. Харин үүргээ биелүүлэх, тухайлбал чуулганд тогтмол оролцох, хуулиа санаачлах нь гишүүдийн наад захын хариуцлага. Харин  үүргээ биелүүлэхгүй гишүүнд ямар хариуцлага авч буйг иргэдэд ил тод болгох шаардлагатай.

Олон улсын туршлагаас харахад, тухайлбал БНСУ-д сонгогчдын иргэдийн боловсрол, улс төрийн боловсрол өндөр тул парламентын гишүүдэд хариуцлага тооцох гол механизм нь сонгууль өөрөө байдаг. Энэ нь иргэдийн ухамсар, оролцоо өндөр үед ардчилал илүү үр дүнтэй ажилладгийг харуулж байна. Ер нь улс орнуудын төр эрх зүйн уламжлал, эрх мэдлийн хуваарилал, улс төрийн дэглэмийн хэлбэр зэргээс хамаарч улс орон бүрт харилцан адилгүй байдаг.  

Монголын хувьд УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг хянах бие даасан, хараат бус байгууллагын хэрэгцээ бий. Одоогийн байдлаар энэ үүргийг парламентын дотоод бүтэц гүйцэтгэж байгаа ч хараат бус хяналтын тогтолцоо илүү үр дүнтэй байх боломжтой.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс ардчилалд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал сул байна. Ийм нөхцөлд парламентын засаглалаа хамгаалах, иргэдийн иргэний боловсролыг дээшлүүлэх, мөн гишүүдийг эгүүлэн татах зэрэг хариуцлагын механизмыг зөв тэнцвэртэй хөгжүүлэх нь чухал юм. Ардчиллын чанар нь зөвхөн хуулиар бус, иргэдийн оролцоо, ухамсраар хэмжигддэг зүйл.

 

Э.Саранцэцэг

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн Ахлах багш, Улс төрийн ухааны доктор(Ph.D