#Эксперт2 мин унших

Л.Ану-Үжин: Албадан нүүлгэлт гэдэг үгийг ардчилсан улсад хэрэглэж байгаа нь маш харамсалтай!

Л.Ану-Үжин: Албадан нүүлгэлт гэдэг үгийг ардчилсан улсад хэрэглэж байгаа нь маш харамсалтай!

Барилгын инженерээр ажиллаж байх хугацаандаа БЗД-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр 300 гаруй айл өрхтэй  гуравласан гэрээг байгуулахад биечлэн оролцож байв.

Тэр үед ч тэр өнөөдрийн бодит байдал дээр ч тэр иргэдийн эрх хамгийн үнэ цэнгүй зүйл болчихсоныг харж байна. Эдийн засгийн тоон шалгууруудыг тэргүүнд тавиад дүүргийн Засаг дарга, эсвэл одоо төр хувийн хэвшлээр төсөл хэрэгжүүлж байгаа хувийн компаниуд, цаашлаад иргэддээ амьдралын чанарыг бий болгож өгөх үүрэгтэй, иргэдийнхээ эрхийг хангуулах ёстой Нийслэл, Засгийн газар нь хүний эрх зөрчигч болчихоод байгаа юм.

“Энэ бол хөгжил, бүтээн байгуулалт, улсаараа хөгжье гэж буй бол үүнийг хүлээн зөвшөөр“ гэдэг мэдээллийн манипуляц хийдэг аргыг иргэд дээр ашиглаж байна.

Мэдээлэх эрх, оролцох эрх гэдэг нь үндсэн утгаараа хэрэгждэггүй гэсэн үг. Мэдээлэх эрхийг “танайх дахин төлөвлөлтөд орсон, ийм төсөл хэрэгжих тул гарын үсгээ зур” гэдэг байдлаар хангачихлаа гэж эндүүрдэг. Энэ  арга барил гэр хорооллын дахин төлөвлөлтийн болоод Улаанбаатар хотын мега төслүүд дээр ч үйлчилж байна.

Л.Ану-Үжин: Албадан нүүлгэлт гэдэг үгийг ардчилсан улсад хэрэглэж байгаа нь маш харамсалтай!

Хүний эрхэд халдсан олон жишээг дурдаж болно. Амьжиргааны өөр эх үүсвэртэй байх сонголт өгөлгүй ТҮЦ-үүдийг хураагаад авчихлаа. Энэ нь хүмүүсийн амьдрах орчин, амьдралын чадвар, амьдрах нөхцөл байдлыг тэр чигт нь эдийн засгийн нэг шат унагаачхаж  буй хэрэг. Хуулиар олгогдсон газар өмчлөх эрх рүү халдаж буй явдал.

Төр зөвшилцлийн зарчмыг огт баримталдаггүй. Зөвшилцөлд хүрэхийн тулд иргэн төсөл хэрхэн хэрэгжих, ямар шатуудтай, ямар үр дүнтэй болох, хэдэн жилийн ямар эд хөрөнгөөр өөрийнхөө газрыг солих маш тодорхой мэдээллүүдийг хуулийн хүрээнд, бодлогын хүрээнд авах эрхтэй.

Энэ хэмжээний мэдээлэлжүүлэлт огт явагддаггүй. Иргэд нүүхгүй байх эрхтэй. Хүүхдийнх нь сургууль ажил, амьдралаа бий болгочихсон газраас албадан нүүлгэх ёсгүй. Албадан нүүлгэлт гэдэг үгийг ардчилсан улсад хэрэглээд сууж байгаа нь маш харамсалтай. Өнгөрсөн өвөл ганцхан айлыг үлдээгээд орон сууцыг нь нураачихсан байх жишээтэй.

Олон улсад эдийн засгийн тоон үзүүлэлтийн араас хөөцөлдөх нь өөр том хэмжээний асуудлыг дагуулдаг болохыг ойлгож, үйл хэрэгтээ тусгаад эхэлжээ. Аливаа хөгжил хүний эрх дээр л төвлөрөх ёстой юм. Төр иргэдийнхээ амьдрах эрхийг бүрэн хангачихад тэдгээр иргэд нь эдийн засгаа хөгжүүлэх ийм зарчмаар улс хөгждөг.