#Эксперт5 мин унших
С.Будрагчаа:
Шийдвэр гаргагчдад энэ хууль хортой үйлчлэх гээд байгаа учраас хууль удааширч, гацаад байгаа хэрэг!

Одоохон...
#Эксперт5 мин унших
С.Будрагчаа:

2020-2024 оны УИХ-ын үндсэн чиглэлд энэ хуулийн төслийг оруулж, 2023 он гэхэд Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлуулахаар тусгасан. Ийнхүү 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ нэг жилийн дараа буюу 2022 оны аравдугаар сард хэлэлцээд, энэ бол зайлшгүй байх ёстой хууль хэмээн дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Гэвч энэ өдрөөс хойш уг хууль замхран алга болсон.
Үүний дараа 2024 онд УИХ-ын сонгууль явагдаж, Үндсэн хуульд өөрчлөлт ороод Монгол Улс анх удаа олон намын төлөөлөл бүхий парламентыг байгуулж 126 гишүүнтэй болсон. Энэ парламент мөн адил УИХ-ын тогтоол гаргаад 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа дээрх хуулийн төслийг тусгаж өгсөн.
Шүгэл үлээгчийг хамгаалах хууль батлагдвал иргэд ямар нэгэн айдасгүйгээр зөвийн төлөө буруу илчлэх зоригтой болно!
Шүгэл үлээгчийг хамгаалах хууль батлагдвал Монгол Улсын иргэд заавал хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжихгүйгээр буруу, булхайг илчилж дуугарч эхэлнэ. Ингэж дугарсныхаа төлөө ямар нэгэн байдлаар ажил, албан тушаал нь ганхахгүй байхын сацуу тухайн хүний хувийн эрх зүйн байдал нь дордохгүй байх юм. Нэг үгээр хэлбэл зөвийн төлөө буруу илчилнэ.
Миний хувьд 2010 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд буюу 2002 оны Эрүүгийн тухай хуулийн 110.1 буюу доромжлох, 111.1 буюу гүтгэх гэдэг заалтаар сэтгүүлчид хэрэг үүсгэн, шалгах тохиолдол байсан. Гэхдээ энэ нь маш цөөн. Шалгаж буй цагдаагийн алба хаагч нар нь ч ажил албандаа илүү мэргэшчихсэн байж. “Гүтгэнэ” гэдэг нь огт болоогүй зүйлээр тухайн хүнийг гутаахыг хэлж байгаа хэрэг. Гэхдээ хөдөлшгүй баримттай бол хэргийг нь байх жишээний. Ерөнхийдөө ийм байдлаар явж ирсэн гэсэн үг.
НҮБ-ын гишүүн 193 орон хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцдэг. Энэхүү Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийн хүрээнд олон улсын байгууллагаас манай улсад зөвлөмж өгсөн. Ингэхдээ “танай улс Ардчилсан улс. Азийн цээжинд буй ганц Ардчиллын баян бүрд нь. Ийм байтал яагаад сэтгүүлч нар аа Эрүүгийн хуулиар яллаад байгаа юм. Эрүүгийн хуульд байгаа сэтгүүлчийг яллаж, шийтгэдэг асуудлаа хуулиасаа авч хаях” гэхчлэн нийтдээ 157 зөвлөмж өгсөн байдаг. Үүнийг Монгол Улсын Засгийн газар хүлээж аваад 2015 онд Эрүүгийн тухай хуулиас дээр дурдсан заалтуудыг хассан. Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан тохиолдолд сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгоно гэсэн заалтыг оруулсан байдаг. Энэ хэргийг өмнө мэргэшсэн цагдаагийн алба хаагч шалгадаг байсан бол хорооны цагдаа, сумын төлөөлөгч шалгадаг болсон. Ингэхдээ хэргийг гажуудуулсан байдлаар шалгадаг болсон байх жишээний.
Жишээлбэл нэгдүгээрт, Дундговь аймгийн тухайлсан Соёлын төвд төрийн байгууллагынхны оролцсон үйл ажиллагаа болж. Үүний дараа тухайн заалаар дүүрэн ундааныхаа сав, идэж уусан хоолны сав, чихрийн цаас хөглөрчихсөн байж. Улмаар үйлчлэгч нь бухимдаад төрийн алба хаагчдад шаардлага тавихад байгууллагын нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр үйлчлэгчийг 2 сая төгрөгөөр торгочихсон ч байх жишээний! Хоёрдугаарт, орон нутгийн сэтгүүлч "Манай Засаг дарга улсын төсвийн мөнгөөр маш ихээр гадагшаа аялж байна. Ингэхдээ Засаг дарга болсноос хойш 11 удаа гадаад руу аялсан” гэдэг мэдээ бичиж. Тэгсэн дарга нь “Би 11 удаа бус харин 13 удаа аялсан” гэж мэдээлсэн байдаг. Улмаар тухайн сэтгүүлчийг 2 сая төгрөгөөр торгосон!
13.14 дүгээр заалтыг Эрүүгийн тухай хуулиас нэн яаралтай хас гэх дүгнэлтийг ҮХЦ гаргачихсан. Ингээд байхад л УИХ буцааж оруулна гээд яваад байна!
Энэ мэт асуудлыг хэт явцууруулж шийдэх тохиолдол их байснаас үүдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад санхүүгийн дарамт үүсэж, хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж алдагдсан. Тухайн үеийн МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр салбарын сэтгүүлчид дунд олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүйгээр дур мэдэж Эрүүгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв, асуудлыг бид дэмжиж байна гэдэг санал оруулсан. Тодруулбал 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 13.14 буюу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээллийг тараах гэдэг зүйлчлэлийг оруулчихсан юм. Эндээс л Монгол Улсын Сэтгүүл зүйн салбар айдас хүчирхийлэлд орох явдал гаарч, төрийн албан тушаалтнууд дур зоргоороо сэтгүүлчдийг цагдаад өгч эхэлсэн.
Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 60-70 хооронд байдаг байсан бол үүнээс хойш хэдхэн жилийн дотор 117 орчим болсон байдаг. Нэг ёсондоо Орос, Хятад, Хойд Солонгос шиг хаалттай болж, хэвлэлийн эрх чөлөөний индекс унаж эхэлсэн. Сэтгүүлч нар ажлаа хэвийн явуулах боломжгүй болсон. Тухайлбал, над дээр гэхэд л тоолж барамгүй эрүүгийн гомдол ирсэн. Энэ мэт сэтгүүлчдийг бүх дүүргийн цагдаад өгч, хэрэг нээлгэж үндсэн ажлаа хийх нөхцөлийг хааж, залхаан цээрлүүлэх явдал гаарсан л даа. Харин одоо л нөхцөл байдал өөрчлөгдөх шат руугаа явж байна. Тухайлбал Үндсэн хуулийн цэцийн /ҮХЦ-ийн дүгнэлтэд Эрүүгийн тухай хуулийн 13.14 дүгээр заалтыг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл тус заалт нь ганцхан хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарахгүй бөгөөд Монгол Улсын иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хаасан, Үндсэн хуульд заасан онцгой эрхийг нь хаасан учир Эрүүгийн тухай хуулиасаа нэн яаралтай хас гэдэг дүгнэлтийг ҮХЦ гаргачихсан. Ингээд байхад л УИХ буцааж оруулна гээд яваад байна!
Буруу булхайг нь хянадаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нухчин дарах хүсэл сонирхол улстөрчдөд их байна!
Юуны учраас УИХ-ын гишүүд Эрүүгийн тухай хуульд үүнийг оруулах гээд айж, сандарч, чичирч байна вэ! Учир нь тэдний дийлэнх нь эрээ цээргүй хулгайч нар шүү дээ. Түүнийг нь сэтгүүлчид баримтад тулгуурлан дэлгэж, хулгай хийх боломжийг нь хязгаарлаж байгаад л хорсоод байгаа юм. Үнэхээр л хулгай луйварт холбогдоогүй нэр цэвэр улс төрчдийг хэн ч шүүмжлэхгүй. Бүх зүйл баримтад суурилдаг. Үүнээс өөрсдийнх нь буруу булхайг нь хянадаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нухчин дарах хүсэл сонирхол их байгааг харж болно.
Миний хувьд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг Солонгос улсаас нутагшуулсан гэж ойлгоод байгаа. Тус улсын төрийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид дээд шатныхаа даргыг ямарваа нэг хулгай хийх гэж байгааг нь мэдээд түүнийгээ эрх бүхий байгууллагад нь мэдээлж үр дүнд нь хулгай луйврыг таслан зогсоож, тухайн хохирлын тодорхой хувьтай нь тэнцэх урамшууллыг өгдөг гэж ойлгосон. Иймд нэгт, шударга бусыг үл тэвчиж, зөв дээр дуу хоолойгоо илэрхийлснээр шүгэл үлээгчид ямар ч эрсдэл үүсэхгүй байх нь. Хоёрт, тодорхой хэмжээний урамшууллын систем хэрэгжээд эхэлбэл хүн бүр шүгэл үлээнэ. Асуудал үүсэхээс өмнө таслан зогсоох нөхцөл бүрдэнэ хэмээн харж байна. Өнөөдрийн нийгэмд хүн бүр шударгын төлөө ямар ч айдасгүйгээр дуугардаг болоод эхэлбэл энэ улс цэнгэлийн манлайд хүрэх нь тодорхой.
Гагцхүү Шүгэл үлээгчийн тухай хууль улс төрийн “гацаанд” орсон ганцхан шалтгаан бий. Хэн ч өөрийнхөө эсрэг хууль батлахыг хүсэхгүй. Улсын Их Хурлын гишүүдийн дийлэнх олонход энэ хууль таалагдахгүй байна. Шийдвэр гаргагчдад энэ хууль хортой үйлчлэх гээд байгаа учраас хууль удааширч, гацаад байгаа хэрэг!