Б.Цогтгэрэл:
11 жилийн турш шүгэл үлээснээр улсад 600 гаран тэрбум төгрөгийн хохирлыг эргэн төлүүлсэн байна!
4 мин унших

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль хамгийн “зөв” хууль. Учир нь Монгол Улсын авлигын индекс үүн дээр яригдана. Шилэн дансны тухай хууль, Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хууль болон Авлигын эсрэг хуулиуд авлигын индексийг бууруулах хамгийн том хөшүүрэг юм. Дэлхийн улс орнуудын авлигын эсрэг хийх үйл ажиллагаануудад заавал хийх ёстой хэд хэдэн үзүүлэлтүүд бий. Тухайлбал, төсвийн ил тод байдал, авлигын эсрэг хуулиуд, төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлдэг байх ёстой гэх мэт суурь шаардлагууд байдаг. Монгол Улсын хувьд удаан ч гэсэн алхам хийгээд явж буй.
Авлигатай тэмцэж байгаа иргэдийнхээ оролцоог хангахын тулд нэн тэргүүнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын болон Шүгэл үлээгчийг хамгаалах хууль буюу суурь хуулиудаа эхлээд хиймээр байна!
Үүний дараа авлигын дагнасан шүүхтэй болох, авлигын дагнасан прокурортой болох нь нэн чухал. Нэг ёсондоо авлигын дагнасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, таслан шийдвэрлэх асуудлыг цогцоор нь хийх ёстой юм. Дэлхийн бусад улс орнууд яг дээрх шиг цогц байдлаар явж байна.
Манай улс Шүгэл үлээгчийг хамгаалах, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль дээр фокуслаж гэмээ нь авлигын индекс дээшилнэ. Нөгөө талдаа авлигын индексийг доош нь татаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал олон төрлийн өршөөлийн гэх хуулиуд. Чингис зэрэг бонд гаргачхаад түүнийгээ өршөөчихдөг. Мөнгө угааж, өөртөө давуу байдал олж авсан хүмүүс Эдийн засгийн өршөөлийн хууль батлаад л өөрсдийгөө өршөөчхөж байх жишээний. Энэ байдлыг засаж залруулах эрх зүйн орчныг яаралтай хиймээр байна. Энэ хууль гацаад байгаа шалтгааны ард асар том ашиг сонирхол, асар том дургүйцэл байгаа нь нууц биш! Хуулийг улс төрийн өнөөдөр эрх мэдэл, албан тушаалтнууд л эсэргүүцэж байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Шүгэл үлээгээд явахаар ямар ч шалтгаангүйгээр их олон дарга нар дургүй болно. Нэг ёсондоо хүний улс төрийн эрх зөрчигдөж, ад үзэгдэнэ, доромжлогдоно, гутаагдана. Улс төрийн бүх дэмжлэгүүдээ алдах ч тохиолдол бий!
Шүгэл үлээгээд явахаар ямар ч шалтгаангүйгээр их олон дарга нар дургүй болдог. Нэгт, дарга нарын хамгийн эмзэг сэдэв нь санхүүгийн сэдэв шүү дээ. Хоёрт, боловсон хүчний томилгоо тойрсон асуудал. Нэг даргыг тойрсон арван долоогч байх нь олонтаа. Тэдгээр долоогч нар автоматаар шүгэл үлээгчид дургүй болно. Энэ мэт явсаар геометрийн прогрессоор надад дургүй бологсдын тоо олширно гэсэн үг.
Шүгэл үлээснээр Хөгжлийн банк дампуурлаас гарч, боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт сайжирсан.
ЖДҮ-лэлийн сан, Нийгмийн даатгалын сан, ЭМД-ын сан, ЗГ-ын тусгай сан гэх мэт хаана л ямар сан байна тэднийг тонож байна. энэ мэт эрх зүйн байдлууд нь тодорхой биш шүгэл үлээгчдийг сонор сэрэмжтэй байлгах, шүгэл үлээгч нарт урамшуулал олгох асуудлыг энэ хуулиар шийдэж байгаа.
Миний хувьд 2015 оноос хойш 11 жил шүгэл үлээсэн. Энэ хугацаандаа 600 гаран тэрбум төгрөгийн хохирлыг улсад буцаан төлүүлчихсэн байна. Хууль бус тендерүүд, хууль бус худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шүгэл үлээж, зогсоосон тохиолдол тоогоо алдсан. Шүгэл үлээгээд явахаар ямар ч шалтгаангүйгээр их олон дарга нар дургүй болно. Хувь хүний улс төрийн эрх зөрчигдөж, ад үзэгдэнэ, доромжлогдоно, гутаагдана. Улс төрийн бүх дэмжлэгүүдээ алдах ч тохиолдол бий! Гагцхүү ард түмний дэмжлэг байсан учраас өдий зэрэгтэй явж байна. Хууль тогтоох дээд байгууллага нь шүгэл үлээгчдээ дэмжихгүй л бол ард түмний дэмжлэг нэг л өдөр зогсоно! Гэхдээ өнөөдрийн парламентад эрүүлээр бодож, сэтгэдэг хүмүүс байгаа учраас л шүгэл үлээгчид өнөөдөр оршиж байна.
Шүгэл үлээгч хариуцлагатай байж бусдыг гүтгэж, доромжилж болохгүй. Дэлгэсэн мэдээллийнхээ үнэн, бодит эсэхэд хариуцлага үүрэх ёстой. Эс бөгөөс шүгэл үлээгч бус гүтгэгч, шантаажчин болох эрсдэлтэй!
Иймд эрх зүйн орчноор тэдгээр хүмүүсийг хариуцлагажуулж, урамшуулах ёстой. Үүний тулд шуурхайлмаар байна. Учир нь Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу Х.Нямбаатар Хууль зүйн сайд байх үеэс л яригдаж эхэлсэн. Үүнээс хойш гурван жил өнгөрчихлөө. Хэтэрхий удаан байна. Өнөөдрийн Хууль зүйн сайд С.Амарсайхан энэ хуулийг албажуулчих байх гэсэн горьдлого байна. Эрх бүхий албан тушаалтнууд юу хүлээгээд суугаад байгааг ойлгохгүй нь. Өнөөдөр олон нийтээр хэлэлцүүлээд маргааш өргөн барь л даа! Тэртээ тэргүй Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу процедурыг нь нарийн заагаад өгчихсөн. Засгийн газар тогтворгүй байгаад буцаагдаад л байсан болохоос энэ хууль дээр хангалттай их хэлэлцүүлэг хийгдчихсэн. Нэг үгээр хэлбэл хуулийн иж бүрдэл бүрэн хангагдчихсан.


