ХУД-ийн 17-р хороо 960 хүүхдийн сургуулийн барилгын явц /2025-05-07/
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
Миний хувьд салбарын сайдад үүсээд буй асуудлыг уламжилсан. Тодруулбал, барилгыг 4 давхар болгох тал дээр асуудлыг ярьж, хамтарч ажиллах шийдэлд хүрсэн. Өнөөдөр хувийн сургуулиуд 5 давхар баригдаж байна. Тэгвэл яагаад хувийн сургууль 5 давхар барьж болоод, улсын сургууль 3-аас дээш давхраар барьж болохгүй байна! Хувийнх дээр нэг өөр стандарт, улсынх дээр бас нэг өөр стандарт мөрдөгддөг буюу ялгамжтай байх болохгүй! Үүнээс харахад цаашдаа улсын болон хувийн сургуулийн стандартыг ижил болгох шаардлага байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад нэг л стандартаар хүүхдийн сургуульд хандах ёстой. Энэ асуудлыг ч салбарын сайдад уламжилсан байгаа.
Барилгын гүйцэтгэгч “Гурванбулаг Сод” ХХК Г.Жамсран
Энэхүү сургуулийн барилгын ажил 2024 оны 10 дугаар сард эхэлсэн. Улмаар 11 дүгээр сарын сүүл хүртэл ажлаа шахаж явуулсан. Ингээд өвлийн улиралд технологийн зогсолт хийж байгаад 2025 оны 3 дугаар сүүлээр ажлаа эхлүүлээд явж байна. Одоогийн байдлаар бидэнд тулгараад байгаа асуудал нь барилгын газрын эдэлбэр газраас шалтгаалаад 960 хүүхдийн сургуулийн нормын зургийн асуудал юм. Энэ асуудлыг нь шийдээд өгчихвөл ажлаа үргэлжлүүлээд явахад асуудалгүй.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат
Нэгдүгээрт, тухайн сургуулийн эдэлбэр газар нь нийтдээ 5 мянган м2 талбайтай. Монгол Улсад мөрдөгдөж байгаа норм, стандартаар сургуулийн барилга 3 давхраас дээш байж болдоггүй. Үүнд орц гарц, аюулгүй ажиллагааны асуудал хамаарна. Эдэлбэр газартайгаа уялдуулахаар энэ байршилд 960 хүүхдийн суудалтай буюу 4 давхар объект, 3 блок барилга барих бололцоо байхгүй юм. Тэгэхээр бид уг барилыг 4 давхар болгож гэмээ нь тухайн хотхон, хорооллын 960 хүүхдүүдийг төрийн сургуульд авах боломж бүрдэнэ. Иймд барилгын зургийн асуудал дээр зөвшилцөж, батлуулах шаардлага байгаа. Зураг өөрчлөгдөхөөр дагаад төсөв нэмэгдэнэ. Энэ жилийн хугацаанд технологийн хэмжээнд хийх ажилбарын хэмжээнд төсөв нь тавигдсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Хосбаяр
Хан-Уул дүүргийн Маршал таун, Ривер гарден, Скай Гарден гэх мэт хорооллууд дунд улсын сургууль байхгүй. Дандаа хувийн сургуулиуд байгаа. Энэ байршилд түгжрэлийн асуудал болон хувийн сургуулийн төлбөрийн асуудал яригддаг. Ж.Алдаржавхлан гишүүн Засаг дарга байхдаа 960 хүүхдийн сургуулийн газрын асуудлыг ААН-тэй зөвшилцсөнөөр шийдсэн. Өнөөдөр энэ асуудлыг газар дээр нь шийдэж байгаад тойргоос сонгогдсон төлөөлөгчийн хувьд баяртай байна. Гишүүний хэлсэнчлэн стандарт нормыг нь гаргуулах тал дээр анхаарч ажиллана.
ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд
Сайдаас өгсөн чиглэлийн дагуу бид холбогдох нормуудыг судалж үзсэн. Гол асуудал нь тухайн сургуулийн төлөвлөлт. Тиймээс эхний 3 давхартаа зөвхөн сургалтын зориулалттай кабинетуудаа төлөвлөөд, 4 давхарт нь захиргааны өрөөг төлөвлөх тухай асуудал багтаж байна. Тэгэхээр уг барилга дээр төлөвлөлт хийж байгаа зургийн компаниуд эрсдэл гарсан тохиолдолд аваарын гарцаа оновчтой төлөвлөх гэх мэт зүйлсийг оруулаад ирж болно. Дээрээс нь манай яам дээр газар хөдлөлтийн норм стандартыг шинэчлэх ажлууд эхэлж багаа. Энэ хүрээнд тодорхой хэмжээний өөрчлөлтийг нь оруулчихвал 4 давхраар төлөвлөх боломжтой.
ХУД-ийн 17-р хорооны оршин суугч Б.Ган-Оюун
Манай хороонд улсын сургууль байхгүй өнөөдрийг хүрсэн. Миний хувьд 4 хүүхэдтэй. Хүүхдүүдээ сургуульд нь гэрээсээ нэлээн хол зөөдөг. Ийн манай хороонд гишүүний дэмжлэгээр улсын сургууль баригдаж байгаад баяртай байна.
Эх сурвалж: