
УИХ-ын гишүүн П.Батчимэг нь чуулганы ирц 100 үнэлгээтэй цөөхөн гишүүдийн нэг. Өнгөрөгч чуулганы хугацаанд Скүүтер, сурроны хэрэглээг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь түүний онцлох ажил байв.
Тэрбээр "126 гишүүнтэй шинэ парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын нэг тулгуур зарчим болох цаг үеийн шаардлагад нийцсэн хууль буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд миний бие УИХ-ын даргын 76-р захирамжаар байгуулсан “Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулах үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулан УИХ-д өргөн барьж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжүүлсэн нь энэ хаврын чуулганы онцлох ажил боллоо.
Ийнхүү ирэх намрын ээлжит чуулганаар энэхүү хуулийн төслөө хэлэлцэн батлуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих эрхийг хангахын төлөө ажиллахын сацуу энэ хаврын чуулганаар хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хувь нэмрээ оруулж ажиллах болно" гэв.








