#Коммент1 мин унших
Ж.Хунан: Насанд хүрсэн хүн бүр ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ байхыг уриалж байна!

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан хүүхэд бүр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас ангид сурч боловсрох эрхтэйг сануулахын сацуу насанд хүрсэн ХҮН БҮР ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ байхыг уриаллаа.
Тухайлбал, ХЭҮК-оос жил бүрийн 6 сарын 1-ний өдөр буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үе тэнгийн дээрэлхэлт ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг соёл хандлагыг төлөвшүүлэх зорилготой хүүхдийн марафон арга хэмжээг зохион байгуулдаг юм.
Уг марафоны үеэр хүүхэд багачууд өөрсдийн хүсэл мөрөөдөл, санал бодол, шийдвэрлүүлэхийг хүссэн асуудлуудаа хүслийн хайрцагт бичиж үлдээдэг. Энэ жилийн хувьд 522 хүүхэд захидал ирүүлсэн ХЭҮК-т эдгээрийг нэгтгэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох арга хэмжээ авах хүсэлтийг хүргүүлээд байна.
Хүүхэд багачууд маань эрүүл, аюулгүй орчинд амьдрах, аливаа дарамт хүчирхийллээс ангид сурч боловсрох, тэдний хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг сонсож ойлгодог байх. Дуу хоолой нь үнэ цэнтэй байж, хайрлагдаж, хамгаалагдахыг хүсэж байгааг томчууд анхаарч, хүн бүр хүүхэд хамгаалагч байхыг ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан уриаллаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

