2 мин унших
Гомдол, мэдээлэл гаргасан биш өөрөө буруутан шиг байцаагддаг буруу жишиг байна!

"Нэг асуудлаа олон хүнд дахин дахин ярьдаг. Төр мэдээллээ хоорондоо дамжуулж чаддаггүй юм уу?"
Эдгээр үгийг иргэдээс, ялангуяа хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлаар хандсан хүмүүсээс цөөнгүй сонсож байсан байх.Энэ нь хууль сахиулах болон нийгмийн хамгааллын байгууллагуудын мэдээлэл солилцоо, кейсийн удирдлага, байгууллага хоорондын уялдаа холбоо, үйлчилгээний стандарт, мэргэжлийн харилцаанд оршиж буй доголдлын илрэл юм.
Өнөөдөр иргэн дуудлага өгч, болсон явдлаа дэлгэрэнгүй тайлбарладаг. Дараа нь тухайн гомдол, мэдээллийг хариуцан шалгах ажилтан руу шилжүүлэхэд анхны мэдээлэл бүрэн дамждаггүйгээс болж иргэн, хүүхэд бүх зүйлээ дахин эхнээс нь ярьдаг. Зарим тохиолдолд цагдаа, нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, хамтарсан баг зэрэг хэд хэдэн байгууллагад ижил мэдээллээ дахин дахин тайлбарлах шаардлага үүсдэг.
Энэ нь зөвхөн цаг хугацаа үрсэн асуудал биш. Ялангуяа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн хүн, эмзэг нөхцөлд байгаа иргэний хувьд тухайн үйл явдлыг олон дахин сөхөн ярих нь сэтгэл зүйн дахин хохирол учруулж, төрийн үйлчилгээ авах хүсэл эрмэлзлийг бууруулдаг. Эцэст нь "дахиж төрийн байгууллагад хандахгүй" гэсэн хандлага бий болж, дараагийн удаа тусламж дуудахаас татгалзахад хүргэдэг. Хүүхдэд ээлтэй шударга ёсны тогтолцоо болон хохирогч төвтэй үйлчилгээний үндсэн зарчим нь иргэн, хүүхдийг аль болох давтан ярилцлага, давтан тайлбар өгөхөөс хамгаалах явдал юм. Харин өнөөгийн практик эсрэгээрээ нэг мэдээллийг олон хүнээр дахин дахин асуулгаж, хохирогчийг өөрийг нь байцааж, залхаан цээрлүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Иймээс хууль сахиулах болон нийгмийн хамгааллын салбарт "Нэг удаа мэдээлэл авна – төр өөрөө мэдээллээ нягтлаж, дамжуулна" гэсэн зарчимд шилжих шаардлагатай. Гомдол, дуудлага, мэдээллийг хүлээн авсан ажилтан шаардлагатай баримт, мэдээллийг стандартын дагуу бүрэн бүртгэж, дараагийн шатны ажилтан уг мэдээлэлтэй бүрэн танилцаж, зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулгыг авах арга барилруу шилжих нь зүйтэй. Ингэснээр иргэдийн чирэгдэл багасаж, хохирогч хүүхдийг дахин хохироох эрсдэл буурч, төрийн үйлчилгээний чанар, байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн төрд итгэх итгэл бодитоор сайжрах боломжтой.
Иргэн төрийн байгууллагад хандахдаа асуудлаа олон удаа давтаж ярьдаг биш, төр өөрөө байгууллага хооронд мэдээллээ шуурхай, аюулгүй, хариуцлагатай солилцдог байх нь орчин үеийн, иргэн төвтэй төрийн үйлчилгээний нэг үндсэн шалгуур мөн болно.
